Сурагчдыг үнэгүй зорчуулах хүсэлт гаргав

Хуучирсан мэдээ: 2014.03.15-нд нийтлэгдсэн

Сурагчдыг үнэгүй зорчуулах хүсэлт гаргав

Засгийн газрын харьяа 11-11 төвд өнөөдрийн байдлаар 30 гаруй дуудлага ирсний дотор нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа дунд сургуулийн сурагч, их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан хоёр нэг нь 200 төгрөгөөр зорчдог бол нөгөө нь үнэгүй зорчдог нь шударга бус байгаа тул өөрчлөх шаардлагатай гэсэн саналыг ирүүлжээ. Тодруулбал, №1403145161 дугаараар холбогдсон иргэн “Оюутнууд сар бүр 70,000 төгрөг авдаг, ажил хийдэг, цалинтай хүмүүс автобусанд үнэгүй зорчдог байтал сургуулийн сурагчид мөнгө төлж явдаг. Сурагчдыг үнэгүй зорчуулдаг болгох хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.

Сүүлийн үед энэ асуудлыг Засгийн газрын төвшинд хүртэл тавих болсон. Ерөнхий сайдын хувьд нийтийн тээврээр үнэгүй зорчдог иргэдийн нөхөн төлбөрт зориулж 50 гаруй тэрбум төгрөгийг жил бүр төсвөөс олгодог. Гэвч 15 орчим тэрбум төгрөг хаашаа орсон нь мэдэгдэхгүй байгаа, иргэд зорчоод байна уу үгүй юу гэдэг тодорхойгүй байгаа. Тийм учраас энэ бүхнийг нарийн тооцож, шударга болгох шаардлагатай байгаа гэдгээ өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн юм. Түүнчлэн иргэд дараах гомдлыг ирүүлжээ.

№1403158975 БГД 5-р хорооны нутаг дэвсгэрт, техник импортын захын баруун талд форвард моторсийн хашаанд өглөө бүр юм шатааснаар маш их хэмжээний хар утаа гардаг. Үүнд хяналт шалгалт хийж арга хэмжээ авна уу?

№1403141910 Замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигчдыг ногоон гэрлээр гаргадаг байх, тэр боломжийг нь хангадаг байх хэрэгтэй. Зарим тохиолдолд замын цагдаагийн дохиогоор ногоон гэрэлтэй ассан үед машин зэрэгцээд давхиад байдаг.

№1403140102 БЗД хүүхдийн түргэний утас руу залгаж дуудлага өгөөд 7 сартай, 40 хэм халуурч байгаа нялх хүүхдээ үзүүлэхээр дуудлага өгөхөд чих нь өвдсөн байх, парацетамол өг гэх мэтээр зөвлөгөө өгч байна. Хүүхдийн түргэний эмч нар ийм хариуцлагагүй байж болдог юм уу?

№1403149818
Өмнөговь аймгийн морьтын даваагаар хилийн боомт гаргана гэж байгаа. Хилийн боомт гаргах юм бол Монгол улсад үүсэх бүх хүнд нөхцөл байдлыг Засгийн газраас хариуцлага хүлээх асуудал үүсэх тул энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй байна. Өмнөговь аймаг дахь бүх уурхайг хааж чадвал түүхэнд тэмдэглэгдэн үлдэх Засгийн газар болж үлдэж чадах юм.

№1403148393
ЧД 17-р хорооны Зүрх уул гэдэг газарт 6 жил амьдарч байна. Зүрх уулын баруун хэсгээр байдаг айлууд тог цахилгаангүй 5-6 жил болж байна. Манай тойргоос нэр дэвшсэн Уянга, Баярсайхан, Баянсэлэнгэ тэргүүтэй УИХ-ын гишүүд сонгуулийн өмнө амлалт өгсөн боловч ажил болгож хийгээгүй удаж байна. Асуудлыг анхааралдаа авч, яаралтай шийдвэрлэж өгнө үү?

№1403141360 Сурагчдын амралтыг 3 сарын 10-наас 4 сарын 10-н хүртэл байлгавал боломжийн байна. Хөдөө амьдардаг малчдын хувьд хавар мал төллөх цагаар хүүхдүүдийн туслалцаа их байдаг. Тавьж байгаа асуудлыг минь хүлээн авна уу? гэжээ.

Онцлоход, 11-11 төвд хаяглагдан ирдэг иргэдийн санал хүсэлтийг харьяалах газар луу нь хүргэж, улмаар холбогдох яам, агентлагууд хариуг өгөх үүрэг хүлээдэг юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж