З.Баянсэлэнгэ сурагчидтай Монгол цэргийн музей үзэв

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ сурагчидтай Монгол цэргийн музей үзэв

Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ “Монгол цэргийн өдөр”-ийг угтан өнөөдөр / 2014.03.14 / ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөлтэй  Монгол цэргийн музейг үзэж сонирхлоо. Монгол цэргийн музей нь 1996 оны 3-р сарын 15-нд  музейн зориулалттай байранд орж, анхны үзэгчдээ хүлээн авсан түүхтэй. Энэхүү түүхэн  үйл явдлын 18 жилийн ой маргааш тохиох юм.

 Тус музейн 12 төрөлжсөн сан хөмрөгт 8600 гаруй эд зүйлс хадгалагдаж байна. 1911 оноос өнөөг хүртэл Монголын Зэвсэгт хүчний үүсэл хөгжлийн түүхэн замнал, ашиглаж байсан буу зэвсэг, хувцас хэрэглэл, 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн болон Монгол Улсын генерал цолтнууд, энхийг дэмжих ажиллагаанд оролцогсдын түүхэн ховор гэрэл зургууд, биет үзмэр, эд зүйлсийг дэлгэн үзүүлсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ сурагчдад хандаж, хүүхэд бүр Монгол Улсынхаа түүхийг мэддэг байх хэрэгтэйг хэлээд, тэр дундаа цэрэг дайчид, эрэлхэг баатруудын тухай мэдлэгтэй байх нь чухал. Тийм ч учраас өнөөдөр ерөнхий боловсролын сурагчдыг Монгол цэргийн музейтэй танилцуулж  байгаадаа баяртай байна гэлээ.

 Мөн тэрээр музейн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, хамтран ажиллана гэдгээ дуулгасан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж