Сочийн паралимпийн наадамд эх орноо төлөөлөн цанын гурван зайд (LW6 босоо ангилал) оролцож буй Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд тэмцээний хаалтын өдөр буюу ирэх ням гаригт /03.16/ чөлөөт тэшилтийн 10 км-ын уралдаанд оролцоно. Энэ жил 22 настай түүний хувьд өвлийн паралимпийн наадамд анх удаа оролцож байна. Түүний дасгалжуулагчаар Ж.Дашдондог, техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж нар ажиллаж байна.
Б.Ганболд тэмцээний гурав дахь өдөр /03.10/ сонгомол тэшилтийн 20 км-ын уралдаанд 1:04:01 цагийн амжилтаар XIV байр эзлэв. Энэ зайд 12 улсын 20 тамирчин гараанаас гарсанаас 18 нь барианд орсон. Түүний ард АНУ-ын нэг, урд хөршийн гурван тамирчин орсон. БНХАУ-аас
таван тамирчин оролцсон боловч хоёр нь замаа дуусгаж чадаагүй. Мөн тэмцээний тав дахь өдөр /03.12/ сонгомол техникийн ойрын зай буюу 1 км-т 4:26.65 минутийн амжилтаар 25 дугаарт бариалав.
Энэ зайд 35 тамирчин оролцсоноос 12 нь хагас шигшээд оролцсон. Шигшээ уралдаанд ОХУ-ын зургаан тамирчин шалгарч, алдарт цаначин Кирилл Михайлов түрүүлж, Рушан Миннигулов, Владислав Лекомчив нар мөнгө, хүрэл медаль хүртсэн.
Өнөөдрийн байдлаар 15 улс ямар нэгэн медаль хүртээд байгагаас Сочийн паралимпийн наадмыг зохион байгуулагч ОХУ 20 алт, 19 мөнгө, 15 хүрэл медаль нийт 54 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Герман (6+2+0), Украин (3+4+8), Япон (3+1+2), Австри(2+3+1) улсын баг удаалж байна.