Фото: Reuters
Хүйтэн дайнаас хойших үед Орост хамгийн хатуу чанд хориг тавихыг АНУ-ын Сенат дэмжив. Хэрэв Москва Крымын талаар байр сууриа өөрчлөхгүй бол хориг арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж Барак Обама амлав. Германы канцлер Ангела Меркель бас чанга дуугаар хориг арга хэмжээ “зайлшгүй” гэж мэдэгдлээ. Орос өөрийн ээлжит хариу болгон хориг арга хэмжээг авна гэж мэдэгдэв.
Крымын талаар өөрийн байр суурианаас Орос ухрахгүй бол АНУ түүнд улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэдгээ ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд Украины ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсений Яценюкийг хүлээн авахдаа мэдэгдлээ. Энэ үеэр нь Сенатын Гадаад хэргийн хороо Орост авах хориг арга хэмжээний хуулийн төслийг дэмжлээ. Түүнийг 14 сенатор дэмжин гурав нь эсрэг байв. Хоригийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд Сенат бүтнээрээ батлах ёстой. АНУ нь хувь хүний эсрэг хязгаарлалт тавих, “Украины тусгаар тогтнолыг бусинуулахаар зүтгэл гаргаж буй эсвэл түүнийг хянан удирдагч” нарын эсрэг хориг арга хэмжээг авах гэнэ.
Тэр нь тус оронд орохыг хориглох мөн банкны дансыг нь битүүмжлэх эдийн засгийн хязгаарлалт байх бололтой. Хоригт Украинд болон Орост авлигатай холбогдсон албан тушаалтнууд хамрагдана. “Хүйтэн дайнаас хойших” хамгийн хатуу цээрлэл гэж хоригийг Associated Pressагентлаг нэрлэсэн байна.
АНУ нь Оросыг сонгосон замаараа явбал зөвхөн Вашингтон ч биш Европын холбоо төдийгүй бусад улс ч Москвагийн энэ зөрчилд хариу арга хэмжээгээ авна гэдгийг Орост сануулсаар байгаа гэж ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.
“Өөр зам байгаа, ерөнхийлөгч Путин тэр замыг сонгоно гэж бид найдаж байна. Хэрэв тэр нь болж бүтэхгүй бол дэлхийн хамтын нийгэмлэг Украины Засгийн газарт хатуу дэмжлэгээ үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэж ерөнхийлөгч Барак Обама хэлэв.
Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ардчилал, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих хуулийн төслийг батлахдаа Сенатын хороо нэг тэрбум ам.долларын эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээр шийджээ.
Тэр нь банкнуудаас зээл авахад нь АНУ-ын талаас өгч байгаа зээлийн баталгаа болох гэнэ. “Орос рулетка гэх азын тоглоомыг дэлхийн нийгэмлэгтэй тоглох гээд Путин алдлаа. Олон улсын хэм хэмжээг зөрчиж буйг нь бид тэвчихгүй” гэж Сенатын Олон улсын харилцааны хорооны дарга Боб Менендес хуулийн төслийг танилцуулахдаа хэлсэн байлаа.
Украинд туслах нь зээлээр дуусахгүй, Худалдааны яам нь хоёр орны бизнес уулзалтыг Вашингтонд зохион байгуулах ёстой болж байна. Вашингтон Орост нэгдэх тухай Крымд явуулж байгаа бүх нийтийн санал асуулгыг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд дээрх ярианы үеэр Обама анх мудаагаа Крым тусгаарлаж болох талаар дуугарав. Гэхдээ түүнийг бүх нийтийн санал асуулгын үр дүнгээр биш ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нь шийдэх асуудал гэж тэр хэлжээ.