Ази, Номхон далайн бүсийн хүнсчид юу гэв?

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

Ази, Номхон далайн бүсийн хүнсчид юу гэв?

Ази, Номхон далайн бүсийн хүнсчид Улаанбаатар хотноо таван өдрийн турш хуралдаж, бүсийн хэмжээнд нийтээрээ хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах, хүнсний хог хаягдлыг бууруулж, нөгөө талдаа өлсгөлөнг тэглэх тухай санал бодлоо солилцлоо. НҮБ-ын чамгүй ач холбогдолтойд тооцогддог энэхүү олон улсын бага хурал Монголд болсон нь манай улсын хувьд өөрсдийгөө сурталчилах, хөдөө аж ахуйн эх орон гэгдэх давуу талаа мэдрүүлэх боломжийг олгосон гэж үзэж байна. Монголд гадны хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан ирэх үетэй давхцан шүлхий өвчин гарсан нь гадныхныг манайхтай хамтарч ажиллахад эргэлзээ төрүүлэх, хамтын ажиллагаанд ямарваа эргэлзээ төрүүлсэн гэж болгоомжлол байна. Тэгвэл энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн албаныхан Азийн орнуудад ер нь малын халдварт өвчин тодорхой хэмжээгээр гарсаар байдаг тул гадны төлөөлөгчид хамтарч ажиллахдаа төдийлөн хойш суухгүй гэдгээр тайлбарлаж байна лээ. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гишүүн Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хуралд 41 орны орны Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, дээд шатны удирдах ажилтнууд оролцсон бөгөөд өнөөдөр дуусч, тайлангийн хурлаа хийсэн  юм. Хурлын үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Бага хурлыг бид амжилттай зохион байгууллаа. Үүгээр зогсохгүй 2016 хүртэлх бага хурлыг Монголд зохион байгуулахаар болж байгаад баяртай байна” гэж хэлсэн. НҮБ-ын ХХААБ-ын Дэд дарга, Ази, Номхон далайн бүсийн суурин төлөөлөгч Хироюуки Конума “Монгол Улын зохион байгуулж буй бага хурал үр дүнтэй, зохион байгуулалт сайтай боллоо гэж бодож байна. Бүсийн хэмжээнд хамтдаа шийдэх, даван туулах олон асуудал бий. Бид үүнийг эдгээр өдрүүдэд хэлэлцээд, тодорхой дөрвөн шийдэлд хүрсэн” тухай онцолсон.

Эдгээр дөрвөн тэргүүлэх чиглэл нь нэгдүгээрт, бүс нутгийн хэмжээнд өлсгөлөнг тэглэх. Ингэхдээ хүүхдүүдийн өсч торниход асар том бэрхшээл болдог уургийн дутагдлыг нь арилгах, хүнсний үйлдвэрлэлээ нэмэхэд анхаарах юм байна.

 Хоёрдугаарт, цагаан будааны үйлдвэрлэл сайтай орнуудыг бусад улсдаа туршлагаасаа хуваалцах чиглэлд анхаарч, будааны үйлдвэрлэлийг дэмжих ажээ.
Гуравдугаарт, далайн баялаг буюу далайн гаралтай бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр ашиглах хэрэгтэй тухай ярьж байна. Нийт далайн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 90 хувийг Ази, Номхон далайн бүс нутгийн улсууд хийдэг бөгөөд сүүлийн жилүүдэд ийм төрлийн бүтээгдэхүүнийг зохисгүй хэмжээгээр ашиглах нь ихсэх болжээ. Тиймээс хүнсээ хэмнэж, зохистой хэрэглэхийн тулд нэгдсэн бодлого хэрэгтэйд анхаарахаар болсон байна.

-Хүнсний бүтээгдэхүүнийг хураалтаас эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх бүх шатанд хүнсний аюулгүй байдлыг сахих нь өлсгөлөнг тэглэхтэй адил чухал асуудал юм. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг анхаарахаас гадна энэ бүс нутгийн жижиг арлын улсын хүнсний хэрэглээг дэмжих хэрэгтэй болсон байна. Учир нь жижиг арлын орнууд хүнсний хэрэглээгээ урьд нь 100 хувь дотоодоосоо шийддэг байсан бол одоо ихэнх нь импортоос хараат болжээ. Зохисгүй хооллолтын дүнд жижиг арлын орнуудын хүмүүсийн 70-80 хувь нь хэт таргалалттай нь тогтоогдсон тул бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихэд бүс нутгаараа анхаарна гэх юм.

Эдгээр нь бүс нутгийн хэмжээнд яригдах үндсэн дөрвөн чиглэл юм. Үүнээс харахад өлсгөлөнг тэглэх асуудал бол мэдээж Монголын “хөрсөнд буух” асуудал биш. Бидний хувьд, өлсгөлөнд нэрвэгдсэн гэхээсээ илүү хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмж, экспортын ашиг олох нь тулгамдсан, тулгарсан асуудал болоод байна. Тиймээс дээрх тэргүүлэх дөрвөн чиглэлийн хүнсний аюулгүй байдалд хамтран ажиллахаас гадна төмсний экспортоо нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай тул энэ талаараа хамтарч ажиллах юм гэсэн.

Хүнсээ хэмнэх кампанит ажил монголчууд нэгдэнэ

Өнөөдөр дэлхийн хэмжээнд хүн амын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж буй үр тарианы 30 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний 20 хувь, хүнсний ногоо, жимс, жимсгэний 45 хувь, мах, махан бүтээгдэхүүний 20 улмаар нийт бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний нэг их наяд ам.долларын өртөгтэй хүнсний бүтээгдэхүүн муудан хаягдаж байна. Энэ нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх анхны шатнаас эхлээд хэрэглэгчийн гарт хүртэлх хүнсний сүлжээний аль нэг шатанд муудан, 1.3 тэрбум тонноор хэмжигдэх бүтээгдэхүүн хэнд ч хэрэггүй хаягдаж байгаа хайран үзүүлэлт ажээ. Энэхүү хорогдож, хаягдсан нийт хүнсний зөвхөн ¼ -тэй тэнцэх хэмжээний хүнсээр улс орнуудад өлсгөлөнд нэрвэгдсэн нийт 870 сая хүн амыг тэжээхэд хүрэх юм байна.

Өндөр хөгжилтэй орнуудад бүтээгдэхүүн хүнсний сүлжээний сүүлчийн шатанд буюу хэрэглэгчдээс хамаарах шалтгаанаар мууддаг бол хөгжиж буй орнуудад ургац хураалт, хадгалалтын шатандаа мууддаг судалгаа гарсан байна. Энэ нь манай орны хувьд үнэний ортой бөгөөд жишээ нь, асар их хэмжээний хүнсний ногоог тарьсан хэрнээ хотоос алслагдсан тариалангийн бүс нутгаас тээвэрлэх хугацаандаа муудаж, үр ашиггүй болдог. Тиймээс НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагатай “Хүнсээ хэмнэе” кампанит ажилд Монгол Улс нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хурлын төгсгөлд саналыг хүлээж авсан талаараа мэдэгдсэн байна. Энэ кампанит ажлыг эхлүүлэхийн тулд дээр дурдсан дэлхийн хэмжээнд хүнсний хорогдол, хаягдоыг тодорхой тоогоор илэрхийлсэнтэй адил судалгаа шаардлагатай тул эхний ээлжинд судалгаа хийх юм байна. Үүний дараагаар аль талаар нь анхаарч, хүнсний хорогдол, хаягдлыг бууруулах хэрэгтэйг тодорхойлж, шат дараатай ажил өрнүүлэх талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхжаргал  хэлсэн юм.

Израйлийн ХАА-н хүлэмжийн туршлагыг нэвтрүүлнэ

Монгол орон хөдөө аж ахуйн арвин туршлагатай ч техник, технологио хангалттай хөгжүүлж чадаагүй тул улирлын хамааралтайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа. Хүнсний ногоо гэхэд, жилдээ ганц ургац авдаг бөгөөд дотоодын хэрэглээг бүрэн хангаж, гадагш экспортлохын тулд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай болжээ. Энэ талаар манай улс энэхүү бага хурлын үеэр саналаа илэрхийлсэн бөгөөд үүнд хүлэмжийн аж ахуйгаараа туршлагатай Израйль улсаас туршлага судалж, хамтран ажиллах шийдэлд хүрсэн таатай мэдээллийг дуулгалаа. Энэ бол зөвхөн эхлэл. Хамтрах асуудал эхний байдлаар шийдэгдсэн бол Израйлиас мэргэжилтнүүдийг авчирч, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажээ.

Ийнхүү хүнсний баялагаа бүрэн, дүүрэн ашиглахын тулд бүс нутгаасаа тусламж эрсэн, эхний байдлаар зөвшилцөлд хүрч чадсан үр дүнтэй бага хурал болж чадсан талаар хурлын төлөөлөгчид ярилцаж байлаа. Тун удалгүй зөвшилцөлд хүрч чадсан асуудлууд биелэлээ олно гэдэгт найдаж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж