“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг баталгаажуулав

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг баталгаажуулав

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр,
Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь 
суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммер нар “Төлбөрийн системийн
шинэчлэл” төслийн  зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын
ажиллагаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал болон албаны бусад
хүмүүс оролцов.

Хоёр жилийн хугацаатай хэрэгжих энэхүү төсөл нь
Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг
өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хянах замаар мөнгөний
бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилготой юм байна.

Мөн
төслийн зээлийн гэрээний хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 20 сая
ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая ам.долларын хөрөнгө
оруулалтыг тус тус хийхээр төлөвлөжээ. Төслийн зээлийн гэрээний хүрээнд
АХБ-наас хийгдэх санхүүжилт нь энгийн эх үүсвэрээс санхүүжих арилжааны
зээлийн хөрөнгөөс бүрдэх бөгөөд уг зээл нь 15 жилийн хугацаатай байна. 
Үүнээс 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж зээлийн хүү нь Лондонгийн
биржийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.4 хувь нь шимтгэл,
хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15%-ийг нэмсэнтэй
тэнцүү байх аж.

Төслийг хэрэгжүүлснээр банкуудын бүтээмжит
байдлыг дээшлүүлж, мөнгө угаах болон бусад гэмт хэрэгтэй тэмцэхэд
дэмжлэг болох, олон улсын санхүүгийн зах зээлд нэгдэн орох боломжуудыг
улам өргөтгөх зэрэг эдийн засаг, нийгэмд шууд ба шууд бус үр ашгийг бий
болгох юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж