
Хэлэлцүүлгийг хааж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Эдийн засгийн хүндрэл хямралын шинж рүүгээ орчихлоо гэсэн дүгнэлтийг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаатай олон улсын санхүүгийн байгууллагууд, шинжээчид хийж байна. Бодит байдлыг МАН-ын бүлгээс удаа дараа сануулж, хүндрэлээс гарах арга замыг хамтдаа эрэлхийлье гэхэд сөрөг хүчин шүүмжиллээ гэсэн байдлаар сайд нар хандаж, амьдрал сайхан байгаа мэтээр сурталчилж байна. МАН-ын эдийн засаг, Ардчилсан намын эдийн засаг гэж байхгүй. Бид улсынхаа төлөө л хамтдаа урагшаа гарц хайж, асуудлын ард гарах ёстой" гэв. Ард иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж ихээхэн хэмжээний алдагдал хүлээж, ахуй амьдрал, бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрч байгаа, төр засагт нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг МАН-ын бүлгээр дамжуулан эрх баригчдад уламжлахыг эдийн засагчид сануулсан юм.