
Эхний хэлэлцүүлэг гуравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Булган аймгийн төвд эхэллээ. “Баг-Иргэний засаг захиргаа” сэдэвт хэлэлцүүлэгт Орхон, Булган аймгийн багуудын 120 гаруй Засаг дарга оролцож байна.
Иргэдтэй тулж ажилладаг багийн ажилд тулгардаг хүндрэл бэрхшээл, уялдаа зохицуулалтын талаар хэлэлцүүлгээр өргөн хүрээнд ярилцаж, өрх гэрт хүргэх төрийн үйлчилгээг чанаржуулах арга замыг тодорхойлно. Гарсан санал дүгнэлтийг багийн удирдлага, зохион байгуулалтын шинэчлэлийн бодлогод тусгана. Өмнө нь Засгийн газраас багт шууд чиглэсэн ийм шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж байгаагүй юм.
Хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Цог хэлсэн үгэндээ ухаалаг төрийн үйл ажил багаас эхлэх учиртайг онцолж, багийн Засаг дарга нарын ажилд улстөржсөн талцал байх ёсгүйг анхаарууллаа. Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир шинэчлэл гэдэг манай Засгийн газрын цол гуншин биш, шат болгонд хийх бодит өөрчлөлт, үр дүн юм гэлээ. Тэрбээр мөн багийн Засаг дарга бол Ерөнхий сайдын хамгийн эхний төлөөлөгч учраас Засгийн газрын тэргүүний өдөр тутмын ажлын арга барилаас санаа сэдэл авч ажиллахыг хүслээ.
Хэлэлцүүлгийг ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр ЗГХЭГ-аас удирдан явуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ