Хамгийн хоржоонтой нь, төрийн үйлчилгээний ТҮЦ машин нь хүртэл иргэнийг төр, хувийн хэвшилд ажилладгаар нь ялгавартай хандаж, бүртгэх, бүртэхгүйгээ шийдэх жишээтэй. Тухайлбал, гэр бүлтэй ч, нас 35-ын босгыг давсан бол ТҮЦ машин бүртгэхгүй, “no” гэх хариуг өгнө. Энэ бол төрийн ухаалаг үйлчилгээ гэнэ лээ.
Гэтэл сар шинийн өмнөхөн “Удахгүй цөмөөрөө байранд орно. Аав, ээж хоёр нь урьдчилгаа 30 хувиа бүрдүүлчихсэн. Жаахан л хүлээж байдаг юм шүү, миний хүүхдүүд” гэж хөөрцөглөж явсан эцэг, эхчүүд өнөөдөр төрдөө шоовдорлогдсоноо хэрхэн тайлбарлах учраа олохгүй сууна. Ээж, аавынх нь нас хөгшинд ордог болжээ гэх үү, эсвэл төрийн албанд ажиллаагүйн гай ингэж гарлаа гэж хэлэх үү. Тайлбарлалаа ч “Яагаад” гэх асуултыг хүүхдүүд нь тавих биз.
Арван жил, 15 жилийг хувийн хэвшилд ажиллаж, энэ нийгмийн ачааны хүндийг үүрч ирэхдээ тэд хийж буй ажлаараа бахархаж ирсэн. Төрөө ч бас хувийн хэвшлийнхнээ хүндэтгэдэг хэмээн ойлгож, итгэл үнэмшил тээж явсан. Гэтэл ганцхан өглөө л хувийн хэвшилд ажилладгаараа, бас насаараа хязгаарлуулан тас цохиулж шоовдорлогдсон нь энэ. Ингэхээ мэдсэн бол төрийн алба бараадахгүй яав даа гэж өнөөдөр гасалж суугаа ч юм билүү хэн мэдлээ. Яагаад вэ гэвэл төрийн албанд хоёрхон жил ажилласан залуу ТҮЦ машинд бүртгэлээ хийлгэчихээд “Азтан шалгаруулах үед нь программ дээр нь ажиллуулчихвал байртай болчих юм байна шүү дээ” гэж тас тас хөхөрч байна. Шударга нийгмийг цогцлооно гэх үзэл санаатай нь хэр нийцэж байгаа бол… Тэр тусмаа 15 жил хувийн хэвшилд ажилласан иргэн, хоёр жил төрд алба хашсан хоёрын хийсэн ажлыг жингийн туухай дээр тавьж үзвэл хэнийх нь илүү жин дарах бол…
Уг нь Засгийн газар ард түмнээ алагчлахгүй гэж их ярьдаг, өчигдөрхөн Ерөнхий сайд энэ тухай хөндсөн. Гэвч амьдралд хэрэгжихдээ өөрөөр буудаг болсоор удлаа. Тухайлбал, Төрийн орон сууцны корпорацийн захирал журмаа хамгаалж буй санаа юм болов уу “Хувийн хэвшилд ажиллагсад хаус худалдаад авч болно. Яах гэж Яармагийн орон сууц руу зүтгээд байгаа юм бэ” гэж аашилсан. Учир нь түүний нүдээр хувийн хэвшлийнхэн боломжийн амьдралтай, хаус, байр худалдаад авчих дайны хөрөнгөжиж бэлжжээ. Сэрдэггүй бол сайхан л зүүд. Яг үнэндээ хувьдаа компанитай нь ч өнөөдөр шууд мөнгө тоолоод тэр яриад байгаа хаусыг худалдаад авчих бэл бэнчин байгаа бил үү. Түүний оронд яамныхан бол чадах байх шүү, Төрийн нарийн бичгийн дарга ганц авлигаар 100 сая төгрөг “босгох” боломжтой байдаг тухай Бага хурлын гишүүн асан С.Билэгсайхан өнгөрсөн өвөл олон нийтэд зарласан. Олны чихэнд хүрсэн нь энэ болохоос хүрээгүй нь зөндөө. Наад захын жишээ татахад, дунд сургуулийн багш, эмнэлгийн эмч, сувилагч нар шиг адтай авлигачид хаа байна. Үхэх, сэхэхийн ирмэгт байхад л “Наад 103-иар авчирсан хүн чинь хэний хүн бэ” гэж асуудаг бөх зүрхтнүүдэд мөнгө бий. Амьдрал ч бас тэгтлээ доошилчихоогүй. Харин төрд өдөр болгон дарамтлуулдаг хувийн хэвшлийнхэнд үнэндээ бусдыг шантаажилж авдаг авлига хээл хахууль гэдэг юм үгүй болохоор амьдрал нь төрд ажиллагсдаас ч хөөрхий байдаг байж мэднэ. Гэхдээ тэд амьдралдаа гутаагүй ч Шинэчлэлийн Засгийн газрын нүүрэн дээр насаараа, хийж буй ажлаараа шоовдорлогдоно чинээ санаагүй биз. Чингэхэд Н.Алтанхуягийн танхимд ичих нүүр гэж байдаг бол иргэдээ төрд ажилладаг, ажилладаггүйгээр нь ялгавартай хандахаа болъё.
Ажилтай, орлоготой, авсан зээлээ төлөх чадвартай л бол болоо шүү дээ.