Аюулгүй цус эхчүүдийг аварна

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

Аюулгүй цус эхчүүдийг аварна

Дэлхий дээр өдөр бүр 800 эмэгтэй төрөлт болон төрөхийн хүндрэлийн улмаас энддэг гэсэн баримт байна. Эндэгдэл нь төрөхийн болон төрсний дараах цус алдалтын улмаас үүсдэг бөгөөд ихэнх нь хөгжиж буй улс оронд тохиолддог гэсэн судалгаа гарчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тухайн орны хүн амын гурван хувь нь байнга цус бэлэглэдэг байхад улс үндэстнийхээ хэрэгцээг хангана гэсэн тооцоо байдаг гэнэ. Харин манай улсын энэ үзүүлэлт ердөө 0,8 хувьд хүрдэг аж.

Жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг дэлхий нийтээр Цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс Дэлхийн донорын өдрийг тохиолдуулан, цус цуглуулах “Залуусаа, цусны донор болж амьдрал бэлэглэе” уриатай гурван сарын аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аяны нээлтийн ёслол болгон Монголын залуучуудын холбоо, Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриатай сайн дурын цус өгөх ажил өрнөж байна. 

Энэхүү аянаараа дамжуулан монголын залуусыг сайн дурын, цусны донорын эгнээнд нэгтгэх, бусдыг уриалах оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон гэнэ.

“21 дүгээр зуунд шинжлэх ухаан өндөр хөгжиж буй боловч, донор хүний цусыг орлуулах бүтээгдэхүүнийг эрдэмтэд бүрэн хийж чадаагүй байна. Та бүхний бэлэглэсэн цус цусны эмгэгтэй өвчтөнд, хагалгааны ширээн дээр байгаа өвчтөнд, төрөхийн хүндрэлээс амь насаа нь дээсэн дөрөөн дээр байгаа эхчүүдэд амьдрал бэлэглэнэ. Манай Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн эмч нар албан байгууллага, зарим газраар цусны донор цуглуулах явуулын эмч нар илгээн, ажиллуулна. Залуус, ард иргэдээ цусаа бэлэглэж, хүнд амьдрал бэлэглээрэй гэж уриалж байна” гэдгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” аяны нээлт дээр онцоллоо.  

Монгол Улсын хэмжээнд сүүлийн арван жилд донорын тоо хоёр дахин өссөн ч төрөхийн хүндрэл, осол гэмтэл, хорт хавдар, төрөлхийн эмгэг  мөн л нэмэгдсэн байна. Үүнийгээ даган цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ агаар, ус мэт хэрэгтэй байгаа гэнэ.

2013 онд улсын хэмжээнд 22700 донор цусаа бэлэглэсэн байна. Үүний 16700 буюу 73 орчим хувь нь Улаанбаатар хотоос үлдсэн нь хөдөө орон нутгаас цусаа өгсөн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар “Гурван хувь нь байнга цус бэлэглэдэг байхад улс үндэстнийхээ хэрэгцээг хангана” гэсэн тооцоо байдаг аж. Харин манай улсын хувьд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгааны үзүүлэлтээс 2,2  хувиар бага цус цуглуулдаг буюу 0,8 хувь нь цусаа өгдөг юм байна. Тиймээс эхний ээлжинд цусны донорыг 1,5 хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ. Цусны донор гэдэг сайн дурын ажил байдаг тул иргэдээ идэвхитэй оролцохыг Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн эмч нар, Монголын залуучуудын холбооноос уриалж байна.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж