МАХН-ынхан “Пибоди энержи”-г сонгох уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан “Пибоди энержи”-г сонгох уу?

МАХН-ын гишүүд: -Гадаадын оператор компаниудыг дэмжье. Монголын улс төрийн гол хүчний хувьд МАХН-ынхан гар гараасаа барилцан ашиг сонирхлоо ийн илэрхийлж байна. Хэдийгээр “Хамтарсан Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан” гэдэг ч уг гэрээний автор нь яалт ч үгүй МАХН. Тавантолгойн хувьд ч ялгаагүй тэд голлон тоглогчдын үүрэг гүйцэтгэж байгаа. Тэр дундаа Орос, Хятад, гуравдагч хөрш гэсэн олон улсын гурвалжилсан харилцааг зохицуулах үүрэг тус намынханд оногджээ.

ОХУ-ын хөнгөнцагааны магнат одоогоос гурван жилийн өмнө МАХН-ын нөлөө бүхий лидерүүдтэй уулзаж, Тавантолгойг “тойрон бүжиглэх”-ээ мэдэгдсэн. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тухайн үед хуулийн дагуу намынхаа харьяаллаас татгалзсан байсан ч МАХН-ын нэрийн өмнөөс түүнтэй Ихтэнгэрт гар барин уулзсан гэдэг. Оросын тэрбумтан эр Ерөнхий сайд В.В.Путинийг Монголд айлчлахад бэлтгэл ажлыг нь хангах нэрийдлээр Улаанбаатарт гурван ч удаа хөл тавьсан. Гэхдээ сүүлийн үед түүний бизнес үе, үе бүтэлгүйтэж, “Северсталь” группийнхэнд “Русал”-ынхаа тодорхой хувийг эзэмшүүлсэн учраас Тавантолгойд тус группийнхэнтэй хамтарсан консорциум болж орохоос өөр сонголт байгаагүй юм. Гэвч Оросын консорциумынхан Монголын Засгийн газрыг “No” гэж хэлэхийн завдалгүй “Монголчууд таалагдахгүй байна” гэдгээ саяхан илэрхийлсэн. Энэ нь тэдний хувьд гэнэтийн шийдвэр биш. Харин МАХН-ын нөлөө бүхий эрхмүүдийн амлалтаа биелүүлэхийг удтал хүлээсний эцэст хэлсэн үг юм. Монголчууд орос “баавгай”-г тайвшруулж ч амжаагүй байхад дорнын “луу” нойрноосоо сэрж, өмнийн говь тийш хүрхэрч эхэлсэн билээ.     
 
Хойд, өмнөд хөршийнхнөөс ч дутахгүй Тавантолгойг таалж байгаа хүмүүс бол Америк, Австрали, Энэтхэг, Бразилийн хөрөнгө оруулагчид. Тэр дундаа дэлхийд нүүрсний үйлдвэрлэлээрээ ¹1-д тооцогддог “Пибоди энержи” корпорацийн Захирлуудын зөвлөлийн дарга Грегори Бойс тэргүүтэй хүмүүс Ерөнхий сайд асан С.Баяртай 2008 оны аравдугаар сард уулзаж, өмнийн говьд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байсан. Үүний дараа Энэтхэгийн магнат “Жиндал стийл энд поуэр” группийнхэн экс Ерөнхий сайдтай гар баримагцаа Тавантолгойг асуусан удаатай. Тиймээс ч өмнийн говь дахь коксжих нүүрсний ордод оператор компаниар ажиллах хүсэлтэй гадаадын 11 компани, консорциумын тэргүүнд эдгээр гигантын нэрс бичигдэж байна.

МАХН-ынхан Тавантолгойн асуудлаас болж дахин хэд, хэд хуваагдлаа. Товчхондоо, Орос, Хятад, их гүрнүүдийн нөлөөнд тэдний олонхи нь автсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах УИХ-ын тогтоолын төслийг зургаан удаа гацаасан. Энэ бол яах аргагүй тус намын гишүүдийн амбицтай холбоотой. Харин одоо Тавантолгойн талаарх тоо баримтуудыг зөрүүтэй мэдээлж, ил, далдаар хувийн тоглолт хийсээр байгаа. Тэднийг гагцхүү “Тавантолгой төрийн мэдэлд 100 хувь байна” хэмээх МАХН-ын дарга, Ерөнхий сайдын үг нэгэн “шүхэр” дор нэгтгэж байгаа гэхэд болно. Арга ч үгүй биз. Ирэх сонгуулийн үеэр МАХН-ынхны нүүрийг тахлах гол сэдвүүдийн нэг нь “Эх орны хишиг”+Иргэн бүрт хувьцаа өгөх” юм.    

МАХН-ын улстөрчдөөс дутахгүй амбицалж байгаа хүмүүс бол тус намын хандивлагчид гэгдэх бизнесийн салбарын төлөөллүүд юм. Тэд МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлээр ахлуулан Тавантолгойд хүч үзэхийг хүсч байгаа. Гэхдээ энэ нь сүүлийн үед намжмал байдалтай болсон. Хэдийгээр бизнесийн бүлэглэл нь идэвхгүй мэт байгаа боловч тус намын лидерүүд орд газруудад овжин тоглолт хийж байгаа нь Оюутолгойн ТУЗ-өөс тодорхой харагдана. Тус зөвлөлийн хамгийн нөлөөтэй гишүүнээр Ерөнхийлөгч асан Н.Багабандийг сонгож, даргаар нь Канадад Элчин сайд асан Г.Батсүхийг томилсон нь яавч санаандгүй хэрэг биш. “Улстөрчид Оюутолгойг тойрч зургаан жил талцахдаа мэргэжилтэй боловсон хүчнүүдээ бэлтгээгүй” гэх шүүмжлэл байдаг ч МАХН-ынхан гадаад дахь Элчин сайдуудыг уул уурхайн салбарт зүтгүүлэх “бодлого”-оо аль эртнээс хэрэгжүүлж эхэлсний жишээ энэ. Тиймээс ч дэлхийн томоохон гүрнүүдэд Монголыг төлөөлдөг Элчин сайдууд цөм МАХН-ын угшилтай байдаг билээ.

УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн “Гадаадын хөрөнгө оруулагчдыг ирэх намраас нааш сонгохгүй” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Үүнийг МАХН-ынхан хардлага сэрдлэг их байгаатай холбон тайлбарлаж байна. Тэд эхлээд нам доторх сэжиг, таавраа намжаачихаад дараа нь энэ асуудлыг хөндөх бодолтой байгаа аж. Ямартай ч тус намынхны гар дахь олон хөзрүүдийн нэг нь гадаадын хөрөнгө оруулагчид. Тэр дундаа Америкийн “Пибоди энержи”, Хятадын “Шинхуа энержи” группийг оператор компаниар сонгох магадлал тун өндөр. Учир нь МАХН-ын харьяалал бүхий зарим сайд өнгөрсөн хавар АНУ-д очиж, “Пибоди энержи”-ийнхэнтэй сэм уулзсан билээ. Оросуудын тэдэнд уурласан гол шалтгаан энэ ч байж мэднэ.

С.Баттулга.
Зохиогчийн эрх:
“Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж