
Хөдөлмөрийн яам, нийслэлийн Хөдөлмөрийн газар ,Монголын Залуучуудын холбоо хамтран “Цагийн ажил” сэдэвтэй хөдөлмөрийн яармагийг өнөөдөр зохион байгууллаа. Монголын залуучуудын холбооны үүдний танхим бүхэлдээ оюутан залуучуудын хөлд дарагдсан байлаа. Нийт 20 аж ахуй нэгж байгууллага оролцсон бөгөөд дийлэнх нь үйлчилгээний салбарынхан дэлгүүр, ресторан, зоогийн газар байна. Мөн барилгын салбар, олон нийт рүү чиглэсэн үйлчилгээний болон сурталчилгааны байгууллагууд ч оролцов. Хамгийн түгээмэл ажлын байр нь зөөгч, сурталчилгааны ажилтан байсан. Түүнчлэн инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд дагалдан ажилах боломжтойг хэлж байлаа. Оюутнууд ч идэвхтэй бүртгүүлэн бүртгэлийн хуудас эрэн нэг нэгнээсээ өрсөх шахам бүртгэлийн хуудсаа бөглөн сууна.Хөдөлмөрийн яармагт оролцсон байгууллагууд нэг цагийн ажлын хөлсийг 2000-5000 төгрөгөөр тооцон олгодогоо хэлж байлаа. Мөн оюутнууд бүртгүүлээд шууд ажилд орох боломжтой бөгөөд цалин хөлсийг нь өдөрт нь өгдөг онцлогтой юм байна.
Оюутнуудын ихэнх нь сурталчилгааны ажилд бүртгүүлж байгаа харагдсан. Насны хувьд 18-24 насныхан түлхүү бүртгүүлжээ. Мөн ажил эрхэлдэг ч гэсэн чөлөөт цагаараа ажил хөдөлмөр хийх сонирхолтой иргэд ч цөөнгүй байсан юм. Манай улсад цагийн ажилтай холбоотой хууль байдаггүй ч ажилд авч буй компаниуд ажлын ачааллаасаа хамааран цагийн үнэ хөлсийг тогтоодог юм байна.
Э.АРИУНАА