Юанийг уяанаас нь тайлах мэдэгдэл үр дүнгээ өгч эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Юанийг уяанаас нь тайлах мэдэгдэл үр дүнгээ өгч эхлэв

Цаг үеэ мэдэрсэн шийдвэр

Өнгөрсөн бямба гарагт Хятадын Төв банкнаас юаний ханшийг уян хатан болгож, мөнгөний шинэчлэлийн бод­логоо үргэлжүүлнэ хэмээн мэ­дэгд­сэн билээ. Уг мэдэгдэл Азийн томоохон бир­жүүдийн хувьцааны ин­дек­сийг хоромхон зуур өс­гөөд авлаа. Азийн индекс цаа­шид ч өсөх хандлагатай бай­на. Тодруулбал, Японы “Никкей-225” индекс 2.43 ху­виар өссөн бол Өмнөд Со­лон­госын “Коспи” 0.9, Авст­ралийн “S&P/ASX200” 0.7 ху­виар тус тус өсчээ. Мөн Хонконгийн “Ханг Сенг” 3.8, Шанхайн “Композит” 2.90 хувиар өсөв. Түүнчлэн Син­гапур, Тайванийн Хөрөнгийн биржүүдийн индекс ч тодор­хой хувиар өссөн юм. Гэхдээ өчигдрийн байдлаар юаний ам.доллартай харьцах албан ёсны ханшид ямар нэгэн өөрч­лөлт орсонгүй.
Дэлхийн эдийн засаг хямралд орж эхэлсэн 2008 оноос Хятад юанийнхаа ханшийг ам.долларын ханштай уясан билээ. Энэ шийдвэр нь тэднийг элдэв эрсдэлээс үргэлж хамгаалж ирсэн. Харин энэ удаад эргээд уян хатан болгох шийдвэр гаргаж байгаа нь тэднийг эдийн засгийн ямар нарийн мэд­рэмжтэй болохыг нь харуулж байна. 

Өнгөрсөн хугацаанд Хя­та­дын дотоод валютын ханш тун тогтвортой байсан. Үнд­сэндээ нэг ам.доллар 6.83 юаньтай тэнцэж байлаа. АНУ болон дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай улс орнууд хята­дуудыг ийнхүү мөнгөн тэм­дэгтийн ханшаа зо­хиом­­лоор бага түвшинд барьж байгааг нэлээд шүүм­­жилж байв. Эдийн засгийн шинжээчид юанийн ам.доллартай харьцах ханш бо­дит ханшаасаа 40 хувь доогуур байгаа хэмээн үзэж байсан юм. Энэ нь Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хэ­зээд өрсөлдөх чадвартай байлгасаар ирсэн. Харин өдгөө юанийн ханшийг уяанаас нь тайлах мэдэгдэл гаргасан нь Хятад улс дэлхий эдийн засгийн хямралыг амжилттай даван туулсны илрэл хэмээн зарим ажиглагч үзэж байгаа аж. Тэдний энэхүү мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама талархан хүлээн авч байгаагаа ч мэдэгдээд байна. Мөн АНУ-ын Сангийн сайд Тимоти Гейтнэр Хята­дыг чухал алхам хийсэн гэж дүгнэсэн бөгөөд цаашид ханшийн өөрчлөлт хэр хүчтэй байхад голлон анхаарч байгаа ажээ. Хятадын эдийн засагчид ч Төв банкны энэ шийдвэрийг тун их дэмжиж байгаа бололтой. Тус улсын Гадаад эдийн засаг, худалдааны их сургуулийн Банк санхүүгийн дээд сургуулийн захирал Дин Жиже радиод ярилцлага өгөхдөө “Хятад улс юанийн хан­шийг сайжруулах меха­низмд өөрчлөлт оруулах нь өөрийн хөгжлийн шаард­лагаас үүдсэн, эдийн засгийн хөгжилд тустай ажиллагаа бо­лох юм” гэжээ. Сүүлийн хоёр жилийн турш Хятадын Төв банк юанийн ханшийг бага түвшинд барьснаар их хэмжээний валютын болон алтны нөөцийг цуглуулж чаджээ.

Монголчуудад мэдрэмж алга

Харин Монголд төгрөгийн ханш өдөр ирэх бүр унаж, ху­далдан авах чадвар нь до­ройтсоор буй. Энэ нь инфляци нийслэлд 16.1 хувьд хүрснээр тодхон илэрч байгаа. Монголбанкныхан төгрөгийн ханшийг чангаруулах бо­дитой арга хэмжээ авах­гүй байна. Туршлагатай банки­руудын зөвлөж байгаагаар бол иргэдэд их хэмжээгээр халамж та­рааж төсвийн бодлого тэлж байгаа үед мөнгөний нийлүү­лэлтийг хумих ёстой. Харин төсвийн зардал бага байгаа тохиолдолд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ёстой аж. Гэвч инфляцийг бууруулахын тулд ойрын үед мөнгөний хатуу бодлого авч хэрэгжүүлэхгүй нь тодорхой болсон. Төв банк­ны Захирлуудын зөвлөл бодлогын хүүгээ 11 хувиас нэмэг­дүүлэхгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Тиймээс төгрөг ойрын үед чангарах ямар ч бо­ломжгүй гэсэн үг. Уг нь манай улс ашигт малтмалын томоохон ордуудаа хэрхэн ашиглах зарчмаа үнд­сэндээ тодорхойлж, до­тоод, гадаадын хөрөнгө оруу­лагчдад ялгаваргүй хандана гэсэн нь олон улсын бирж дээрх Монголын уул уурхайн хувьцааны ханш бо­лоод төгрөгийн ханшийг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдэж эхлээд буй. Нэгэн үе манай улсыг зүгээр л ашигт малтмалын арвин нөөцтэй гэ­хээс илүү сүр дуулиан дагалд­даггүй байсан бол өдгөө монголчууд арабуу­даас дутахааргүй амьдрах бо­ломжтой гэдгийг батлах мэ­дээлэл ч цацагдах боллоо. Хөрөнгө оруулалтын судалгааны “Angel research” хэмээх олон улсад нэр хүндтэй хү­рээ­лэнгийн ерөнхийлөгч Браин Хикс “Монголын далд нөөц ба дэлхий дээрх хамгийн сүүлчийн аварга бужигнаанаас “цөм авах” ашгийн талаар тандсан илтгэл” гээ­чийг дэлхийн томоохон биржүү­дийн цахим хуудаст байр­шуулж, монголчууд тө­дийгүй дэлхий дахиныг ал­майруулсан шүү дээ. Мөн “Монголын баялагт оруулсан таны хөрөнгө 57 дахин өсөх боломжтой” гэсэн нь зөвхөн хөрөнгө оруулагчид гэлт­гүй баялгийн эзэн ир­гэн бүрийн анхаарлыг татсан. Өдгөө иргэн бүр уул уурхайн хөрөнгө оруулалтыг элдэв улстөржилт, хов хэ­рүүл биш, өөрийнх нь ирээдүйн баталгаа болно гэдэг утгаар нь анхаарлаа хандуулдаг болоод байгаа. Засгийн газрын тэргүүн ч тэр итгэл найдварыг бий болгосон. Тэрбээр Тавантолгойгоос олох орлогыг иргэн бүртээ хувьцаа болгон тэнцүү хүртээнэ гэж мэдэгдсэн.

Гэвч төрийн зарим бодлого хоорондоо сайн уял­даж өгөхгүй байгаагаас болж үндэсний валют үхмэл байдлаасаа гарч чадахгүй байна. Тухайлбал, бэлэнчилдэг сэтгэлгээг халж, бүтээдэг байя гэж нэг хэсэг нь хэлээд байхад хувь улстөрчийн ам­биц хөөж хүүхдийг мөнгийг сэргээх, сонгуулийн ам­лалтаа биелүүлэх гэсэн улай­рал ч газар аваад байна. Ямартай ч, дотоод валю­тынхаа худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд улс төрийн өнцгөөс бус, ул­сынхаа эдийн засгийн бо­дит боломжид тулгуурлан шийдвэр гаргадаг гэдгийг урд хөршийнхөн бидэнд бэлхнээ харууллаа. Энэ мэт бэлэн туршлагаас бид их зүйлийг суралцах ёстой.

Ч:Дашдэлэг.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж