
…2013 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 67 осол гарснаас 69 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.
…Нэг шөнийн дотор таван өөр газарт таван хүний амийг авч одсон харамсалтай мэдээ ирж байсан нь өнгөрсөн оны тавдугаар сарын 22-23 шилжих шөнө юм. Тэр хар шөнө Сэлэнгэ, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Булган гэх аймгуудад мотоциклийн осол гарч таван хүн амь насаа алдсан юм. Нэг нь машинтай мөргөлдөж аваарт орсон бол бусад нь онхолдох байдлаар осолджээ.
…Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Бор бургас гэх газар 27 настай эрэгтэй Б, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хоёрдугаар багийн нутагт 40 настай эрэгтэй Т нар мотоциклтой явж байгаад дугуй нь буудаж, улмаар нас баржээ.
…Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт 41 настай, эрэгтэй Б, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт 39 настай, эрэгтэй Н нар хятад мотоциклоос унаж нас баржээ……
Сүүлийн үед хайлшин дугуйтай хятад мотоциклоос болж гэмтэж бэртсэн, амь насаа алдсан малчин залуучуудын талаарх мэдээг түүвэрлэвэл дээрхээр тогтохгүй. Малчдын хөл дүүжлэх ганц унаа нь хятад мотоцикл болж, ид насандаа явж байгаа залуучууд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол их гарсаар байна. Замын цагдаагийн газар хятад мотоциклийн импортын асуудалд анхаарал хандуулахыг Гаалийн ерөнхий газраас хүссэн албан бичиг хүргүүлсэн ч хариу чимээгүй мартагдаад өнгөрсөн.
Тиймээс МЗХ хятад мотоциклийн хэрэглээ, импортын асуудлыг хөндөж дорвитой ажлуудыг хийхээр болсноо твиттерт жиргэсэн байна. Ерөнхий сайдын ивээл дор анх удаа зохион байгуулагдах “Залуу малчдын чуулган” ирэх тавдугаар сард болно. Тэр үеэр залуучуудыг хятад мотоциклоос татгалзах, сайн мотоциклуудыг зээлээр авах нөхцөл боломж бүрдүүлэх зэрэг асуудлыг хөндөн тавих юм байна.