“Дулаан хар”-д хүдрийн баяжмал боловсруулна

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

“Дулаан хар”-д хүдрийн баяжмал боловсруулна

Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж, тус аймгийн Ногооннуур сумын нутагт орших цайр, хар тугалганы “Дулаан хар”-ын уурхайн баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцов. Энэхүү баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч БНХАУ-ын Чи Хуа группын Юyшэнгминг ХХК барьж ашиглалтанд оруулсан бөгөөд жилд  300 мянган тонн худрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Ил, далд уурхай, баяжуулах үйлдвэрт нийт 700 орчим хүн ажлын байртай болно. Баяжуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулалтын санхүүжилт 100 гаруй сая ам.доллар болсон гэсэн мэдээлэл байна. Баруун бүсдээ томд тооцогдох энэхүү  үйлдвэр хариуцлагатай уул уурхайн зарчмаар ажилласнаар дагаад олон үйлдвэр  байгуулагдах боломжтой гэж Уул уурхайн сайд онцолсон юм.

Мөн Уул уурхайн сайд Ногоон нуур сумын иргэдтэй уулзаж, Асгатын мөнгөний уурхайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дахь удаагийн хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан. Монголын талын эзэмшил 51 хувь, Оросын талын эзэмшил 49 хувийг хадгалах замаар хамтарсан компани байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад технологийн шинжтэй ажлууд хийгдэх шаардлагатай байгаа талаар Асгат хувьцаат компанийн гүйцэтгэх захирал тодотгож байв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж