Эрэн сурвалжлах сэтгүүлчид алдагдсан үнэнийг эрнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжлах сэтгүүлчид алдагдсан үнэнийг эрнэ

Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийг хуулийн өмнө хариуцлага хүлээх, ашгийн бус олон нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын хэмжээнд зохион байгуулснаа өнөөдөр албан ёсоор мэдэгдэж нээлтээ хийлээ. ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдээр Eagle телевиз, eagle.mn сайт, “Үндэсний шуудан” сонин, “Өглөөний сонин”, News.mn сайтын төлөөлөл сонгогдсон байна. Тус нийгэмлэг нь эрэн сурвалжлах сонирхолтой сэтгүүлчдэд нээлттэй. Эрэн сурвалжлах чиглэлээр сургалт, семинар тогтмол зохион байгуулж, идэвхтэн гишүүд элсүүлж, олж авсан баримт материалыг нь редакцийн нөлөөгүйгээр хэвлэн нийтлэх боломжоор хангахыг эрмэлзэж ажиллахаа хэллээ.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилгынхоо хүрээнд улс орнуудын авлигын индексийг гаргадгаараа олон нийтэд сайшаагддаг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. Хамтын ажиллагааны эхлэл болгож “Транспэрэнси Интернэшнл” иргэний нийгмийн байгууллагын Монгол дахь үндэсний салбарын санаачлагаар Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг, Их Британийн Элчин сайдын яам, олон улсын Томсон сангийн дэмжлэгтэйгээр “Чанартай сэтгүүл зүйг хөхиүлэн дэмжих- Эрэн сурвалжлах удирдамж ба арга техник” сургалт, семинарыг Монголд анх удаа зохион байгуулж байгаа юм.

Тодорхой хувь хүн, байгууллагын нууцлахыг хүсч буй мэдээллийн гүнд нэвтэрч, нийгмийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлыг дэлгэж тавих нь эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гол зорилго. Мөн эрх баригчдын авлига, улсын хөрөнгийг үр ашиггүй зүйлд  цацах  зэрэг буруу  үйлдлийг хянах үүргийг эрэн сурвалжлагчид гүйцэтгэх ёстой. Харамсалтай нь улс төрийн нөлөө, ашиг сонирхлын зөрчил ихтэй хэвлэл мэдээллийн салбарт эрэн сурвалжлах сэтгүүл төдийлөн хөгжиж чадахгүй байгаа юм.

Байдал ийм байгаа болохоор эрэн сурвалжлах сэтгүүлчид дараа нь “ороогдохоос” болгоомжилж нийтлэл нэвтрүүлгийнхээ төгсгөлийг магадгүй, бололтой гэсэн таамаглалаар төгсгөх нь олонтой болсон. Харин Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг илүү судалгаатай, цаг зарж баримт цуглуулсан нийтлэл, нэвтрүүлгүүдийг олон нийтэд хүргэхийг эрмэлзэж байгаа юм байна.

 Монголын төр засаг болохгүй, авлигын сүлжээ газар авсан, ард түмэн ядуу байгааг битүү хатуу шүүмжлэхээс хальж яг ямар шатанд нь асуудал байгааг эрэн сурвалжилж олон нийтийн хяналтад оруулж, оруулсныхаа үр дүнг ямар нэг хэлбэрээр үзэх нь эрэнгийн сэтгүүлчдийн зорилго юм байна. Үнэн хаана ч байдаг, гагцхүү тэр үнэнийг ил болгох эсэх нь ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтан, хувь хүмүүсээс хамааралтай. Алдагдсан, адлагдсан, арчигдсан үнэнийн Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийнхэн хайна гэдгээ онцоллоо.

Л.ЗАЯА

Эх сурвалж: www.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж