Монголын сэтгүүлчдийн эвлэл /МСЭ/ БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллахаар болсон талаар хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. МСЭ-ийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Пак Чон Рюл тэргүүтэй төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны сэтгүүлчдийн байгууллага цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох бөгөөд өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Олон жилийн түүхтэй хоёр орны Сэтгүүлчдийн байгууллага хамтран ажиллах санамж бичиг үзэглэж буй нь түүхэн үйл явдал юм. Ингэснээр хоорондоо туршлага судлах, сэтгүүлч солилцох өргөн боломж нээгдэж байна” гэж хэлсэн.
Хамтын ажиллагааны талаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Пак Чон Рюлээс тодрууллаа.
-БНСУ-ын сэтгүүл зүйн хөгжил ямар төвшинд байна вэ. Хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага ажилладаг вэ?
-Бид зөвхөн телевиз, сэтгүүлд анхаарлаа хандуулах биш, бүх л мэдээллийн хэрэгслүүдээ анхаардаг. Сүүлийн жилүүдэд цахим мэдээлэл хүчтэй хөгжих хандлага ажиглагдаж байна. Мэдээллийг олж авах, эрж хайх ур чадвар сэтгүүлчдэд илүү байдаг нь сэтгүүл зүйн хөгжилд маань нөлөөлсөн байх. Солонгост манай холбоонд бүртгэлтэй 180 орчим хэвлэл мэдээллийн байгууллага бий. Үүнээс 50 орчим хувь нь сонин сэтгүүл, 30 хувь нь телевиз, үлдсэн нь вэб сайт байгаа.
-Хамтын ажиллагааны хүрээнд Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хэрхэн хамтрах вэ?
-Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллаж, хоорондоо сэтгүүлчдээ солилцон мэдээлэл, туршлага солилцоно. Ингэхдээ хоёр орон тус бүрдээ жилд нэг удаа 10, 10 сэтгүүлчийг солилцон урих байдлаар уулзалт зохион байгуулж байх юм.