Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Судан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омер Эйза Ахмед, Бүгд найрамдах Финланд улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Яари Густафссон, Бельгийн Вант улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мишель Малхерб, Бүгд Найрамдах Ангол ард улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жоао Гарси Байрс, Бүгд Найрамдах Ирланд улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Пол Кавана, Дорнын Бүгд найрамдах Уругвай улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мария дел Росарио Портелли нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзан ажлын амжилт хүсэн ерөөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Судан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омер Эйза Ахмедтай уулзах үеэрээ хоёр орны харилцаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт талууд итгэлтэй байгааг хэлж, 2013 оны эцсийн байдлаар Судан улсын Дарфур мужид НҮБ болон Африкийн холбооны хамтарсан UNANID ажиллагаанд Монгол Улсын энхийг сахиулагчдын багийн дөрөвдүгээр ээжлийн дайчид үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэлээ. Тус улсын экспортын 70-90 хувийг газрын тос эзэлдэг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ  Бүгд найрамдах Финланд улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Яари Густафссон Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны хооронд тогтоосон уламжлалт харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийлэв. Өнгөрсөн 2013 онд Монгол Улс, Бүгд найрамдах Финланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон юм. Уг ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Финландын нийгмийн 100 шинэчлэл” номыг монгол хэлнээ орчуулан олны хүргээл болгосныг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж байлаа. Хоёр тал шүүхийн салбарын шинэчлэлийн талаар хамтран ажиллаж байгаа бөгөөд мөн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэв.

Бельгийн Вант улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мишель Малхербтай хийсэн уулзалтын үеэр ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх, олон улсын хэмжээнд энх тайван, тогтвортой байдлыг сахиулах чиглэлээр хамтран ажиллах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зэрэг сэдвийг хөндөн ярилцлаа.

Бүгд Найрамдах Ангол ард улсаас Монгол Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жоао Гарси Байрстай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрвөн арван жилийн турш хоёр орны хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд Элчин сайд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа хэлэв. Ангол нь газрын тос, очир алмаз, кофе, хөвөн, алт, элсэн чихрийн эх үүсвэрээр баялаг орон юм. Тиймээс хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжтой юм байна.

Бүгд Найрамдах Ирланд улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Пол Кавана Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцааг хөгжүүлэхэд гүүр болж Монгол Улс, Ирланд улсын иргэдийн хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн хоёр орны хооронд боловсрол, шинжлэх ухаан, технологийн харилцааны салбарт хамтран ажиллах талаар хөндөн ярилцав.

Уругвай улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Мария дел Росарио Портелли уулзалтын үеэр “Танай сайхан оронд улс орноо төлөөлөн ажиллахаар ирсэндээ баяртай байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэх, өндөр үүрэг надад ногдож байна. Миний ажиллах хугацаанд хоёр орны харилцаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа. Манай Дорнын Бүгд найрамдах Уругвай улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгч танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлснийг хүлээн авна уу. Уругвай улсын Ерөнхийлөгч хөдөө аж ахуйн том мэргэжилтэн хүн гэдгийг та мэдэх байх.

Ирэх долоо хоногт Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Уругвайд айлчлах юм. УИХ-ын төлөөлөгчид миний ИЖБ барихтай зэрэгцэн айлчилж байгаад бэлгэшээж байна” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлэхдээ “Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд таныг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Гадаад харилцааны яам таны ажлыг дэмжиж хамтран ажиллах болно” гээд хөлбөмбөгийн спорт сонирхдог талаараа Элчин сайдад сонирхуулж байлаа.

Элчин сайд нартай хийсэн уулзалт халуун дулаан, нөхөрсөг уур амьсгалд болж өнгөрөв.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж