Уг арга хэмжээнд Эстони Улсын Гадаад хэргийн сайд У.Пает, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагч Х.Кларк, "НҮБ-Эмэгтэйчүүд" байгууллагын Гүйцэтгэх захирлын Орлогч Л.Пүри зэрэг албаны төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах асуудалд бүх улс орнууд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах шаардлагатайг тэмдэглээд мэдээлэл, харилцааны шинэ эрин үед мэдээллийн технологи, интернетийг ашиглан эмэгтэйчүүдийг хэрхэн чадавхжуулах боломжийн талаар санал солилцсон байна.
ХАХНХЯ-ны ТНБД Б.Отгонжаргал уг арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхижуулах үйлсэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
Хүний эрхийн Түгээмэл тунхаглал болон Хүний эрхийн зөвлөлөөс баталсан тогтоолын дагуу интернетийн орон зайд хүний эрхийг хамгаалах, улмаар мэдээлэл олж авах тэгш эрхийг хангаж ажиллах нь чухал болохыг дурдаад, интернэт болон мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжин хөгжүүлэх боломжтойг тэмдэглэсэн байна.