Сүүний үйлдвэрүүд анхаараарай

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Сүүний үйлдвэрүүд анхаараарай

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр жил бүрийн гуравдугаар сарын 15-нд болдог бөгөөд энэ өдрийг угтан Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төвөөс хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулсан юм. Энэ удаад сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа сүү, тарагны чанар, бүтээгдэхүүний шошго, тайлбар шаардлагад нийцэхгүй байгааг онцолсон. Хэрэглэгчдээс ирсэн ийм гомдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар багагүй анхаарал хандуулах болсон ч үр дүнтэй ажил болж чадахгүй байна.

Монгол хөдөө аж ахуйн эх орон гэгдэх хэрнээ сүүний үнэ өндөр, гаднаас тараг, хуурай сүү импортолдог. Гэтэл дотроо үйлдвэрлэж байгаа цөөн бүтээгдэхүүнээ олон нийтэд сайн, сайхан сүү, тараг гэдгээр л сурталчилж байгаа болохоос орц, найрлагыг тодорхой мэдээллэхгүй хэвээрээ байна. Энэ талаар хуулинд тодорхой заасан байдаг атал хэрэгжүүлэхгүй байгааг Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төвийн тэргүүн Б.Цэрэн шүүмжилж, зохих хууль хяналтын байгууллага болон сүүний үйлдвэрүүдэд шаардлага хүргүүлж, албан бичиг өгөхөөр болжээ.

Сүү, тарагны чанар стандарт хангахгүй байна гэв

Сүүний үйлдвэрүүд дээр хэлсэнчлэн бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг үнэн зөв мэдээллэхгүй байна. Үүнд бүтээгдэхүүний орцоос хамаарч нэр, томъёоллын асуудал гарч ирж байна. Тухайлбал

-“Гоё” тараг нь хүнсний дөрвөн нэмэлт, элсэн чихэр хольсон байдаг учир тараг биш, сэргээсэн сүүгээр хийсэн “йогурт” төрлийн бүтээгдэхүүн болохыг тус ТББ-ынхан үзэж байна.  Өөрөөр хэлбэл, тараг бол ямарваа хольцгүй байх ёстой байдаг тул “Гоё” тараг нь нэмэлт хольцтой гэхээр тарагны стандартыг хангахгүй байгаа ажээ. Хадгалалтын хугацааг хэрхэн тогтоож байгаа нь тодорхойгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ч тогтоож чаддаггүй гэх юм.

-“Цөцгийтэй тараг” нь найрлага, хадгалах горим зөв боловч заавал байх ашигтай бичил биетийн тоог шошгон дээрээ оруулаагүй,

-“Тараган ундаа” –нд элсэн чихэр, тогтворжуулагч /хүнсний нэмэлт/ хийсэн тул нэр томъёоллын хувьд зөв ч ашигтай бичил биетийн тоог мөн шошгондоо оруулаагүй,

-Харин “Бифидо” тараг нь хамгийн зөв шошго, тайлбартай тараг болохыг тус ТББ-аас үзэж буй.

Сүүний хувьд, Засгийн газрын 2011 оны 304 дугаар тогтоолоор Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг баталсан тогтоолоор сүүг маш олон янзаар нэрлэж, түүнийг заавал мөрдөхөөр заасан байдаг ажээ. Ингэхдээ түүхий эд, үйлдвэрлэсэн технологиос хамаарч түүхий, бүтэн, ундны, тосгүй, халааж боловсруулсан ундны, өтгөрүүлсэн, хатаамал, ариутгасан ундны сүү, баяжуулсан, сэргээсэн сүүн бүтээгдэхүүн,сүүн ундаа гэх зэргээр ангилдаг байна. Гэтэл одоо үйлдвэрлэж, худалдаанд гаргаж буй сүүнүүдийг зөвхөн “Сүү” гэдгээр нэрлэж байгаа нь буруу болох нь. Тухайлбал, энэ дагуу бол “Миний Монголын сүү” нь ариутгасан ундны сүү, “Өглөө сүү” хатаамал сүүгээр сэргээсэн, ариутгасан ундны сүү, “Түмний Милко” түүхий эд дээр монгол үнээний сүүгээр хийсэн гэж тодорхойлсон боловч түүхий сүү болох, “Тослог Милко” үнээний хуурай сүү, цөцгийн тос түүхий эд нь байх учир үнээний хатаамал сүүгээр сэргээсэн сүүн ундаа гэж нэрлэх хэрэгтэй юм байна. Энэ мэт нэршлийг бүтээгдэхүүн дээр тодорхой бичих ёстой байдаг тул сүүний үйлдвэрүүд дүрэм, журам зөрчиж байгаа гэж Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төвөөс үзэж байгаа ажээ.

Ийнхүү сүү нь бусад бүтээгдэхүүнийг бодвол амархан муудах эрсдэлтэй байхад үйлдвэрүүд ерөнхий нэр томъёо ашиглаж, тайлбар дутуу, зөрүү бичиж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна. Ийм үйлдэлтэй тэмцэхийн тулд хэрэглэгчид нэгдэн, шаардлага тавих хэрэгтэй болжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж