Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийн талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг сэдвийн хүрээнд хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Жендер, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээллэх нь зөв бэ” гэсэн сэдвээр танилцуулга хийсэн юм.
21 настай залуу бүсгүй найз залуудаа 48 цаг зодуулан нас барсан тухай мэдээллийн хэрэгслүүдээр шуугицгаасан. Гэтэл үүний цаана хэвлэл мэдээллээс нууцлахыг хүсэн “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-д хандсан үүнээс дутахааргүй аймшигтай хэргийн талаарх мэдээлэл олонтаа ирдэг гэнэ. Тухайлбал, 21 настай талийгаач бүсгүйн хэргээс хэдхэн хоногийн өмнө, төрөөд 10 хонож байсан 23 настай бүсгүй нөхрийнхөө гарт амиа алдсан аж.
Мөн эхнэрийнхээ уушгийг нь сүхэдчихээд гэмтлийн эмнэлэгт аваачилгүй өөрөө дэлүүг нь оёсон аймшигт хэрэг ч гарч. Мөн Хөвсгөлд орос хэлний багш бүсгүйг нөхөр нь хорионд хоол өгөлгүй байлгасаар амь насанд нь хүрсэн тохиолдол ч гарч байж.
Ийнхүү Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль нь одоо боловсруулагдаж буй хуулийн төслөөс юугаараа ялгаатай тухай Д.Энхжаргал “Одоо хэрэгжиж байгаа хууль бол доголон хууль. Тус хуулийг зайлшгүй холбогдох хуультай уялдуулалгүйгээр дангаар нь баталсан. Одоо хэлэлцэж байгаа хуулинд бид нөхөөс хийхгүй. Бид зоримог өөрчлөлтийг хийх болно” гэсэн юм.
Энэхүү өөрчлөлтөөс нь танилцуулбал, гэр бүлийн хүчирхийллийг өмнө нь шүүх цагдаагийнхан иргэний маргаан мэтээр үздэг байсан бол үүнийг гэмт хэрэг хэмээн үзэх бүх нарийн зүйл заалттай нь хуулиндаа тусгажээ. Түүнчлэн одоо хэрэгжиж буй хуулийн хамгийн доголдолтой зүйл нь ялын бодлого гэнэ. Өөрөөр хэлбэл, гудамжинд эхнэртээ гар хүрвэл танхайн хэрэг хэмээн ялладаг бол гэртээ алахын наагуур зүйл болж байхад ч гэр бүлийн маргаан хэмээн үздэг нь харамсалтай. Мөн цагдаа нар муу ажиллаж байгаагаас гэр бүлийн хүчирхийлэл газар аваад байгаа биш, эрх зүйн зүйл заалт тодорхой бус байдагтай холбоотой аж.
Төгсгөлд нь уулзалтыг зохион байгуулагчдаас хүчирхийлэлд өртсөн иргэд өөрсдийгөө “хохирогч” хэмээн нэрийдээгүй бол тэднийг олон улсын жишгээр “даван туулагч” гэж нэрлэж байхыг сэтгүүлч нарт зөвлөсөн байна.