
чөлөөний хуулийн төсөл гээч хэдэн янзаараа яригдаж ирсэн. Ингэхдээ эрх
чөлөөг нь хангах гэхээсээ илүүтэй түүнийг нь боомилж, эрүүл нийгмийн
төлөөх хоточ нохой бус өөрсдөөсөө уяатай хашааны банхар байлгахыг хүсч
ирсэн нь улстөрчдийн үнэн нүүр царай. Хамгийн сүүлд гэхэд
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг замд нь засаад эрх чөлөөг бус үгэнд
нь орохгүй бол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаахаар заалтыг
завсарт нь шулгуулсан. Ер нь баглана, хүлнэ, хаах, хавчих заалтыг оруулж ирэх жишээний. Харин Ерөнхийлөгч өөрийнх нь санаачилсан хуулийнх
нь амин сүнсийг алга болгосон болохоор “Хэвлэн нийтлэх эрх чөлөө бол
ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл зүйл. Хэвлэлийн эрх чөлөөний
хуулийн гол үзэл санаа нь энэ эрх чөлөөг дэмжих, баталгаажуулахад байх
ёстой. Хэлэлцүүлгийн явцаас харахад хуулийн утга санаа, зорилго
өөрчлөгдөж байгаа юм шиг байна. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуультай
байснаас хуульгүй байсан дээр биз” хэмээгээд буцаан татсан. Мэдээж
улстөрчид зүсийг нь хувиргах болохоор зүхүүлэхийг хүсэхгүй шүү дээ.
Гэхдээ энэ хууль харин ч урьд өмнө нь санаачилж байснаар хавьгүй дээр
хууль байсан. Ялангуяа хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх тал дээр сэтгүүлчид төдийгүй иргэдийн эрхийн хамгаалсан хууль
гэж болно. Харин УИХ-ын гишүүд хууль санаачлах тухай ярьсан ч таг чиг.
УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтыг унагачихсан. Тиймээс
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтанд энэ хуулийн төсөл орох
эсэх талаар хэлж өгөх албаны хүн олдсонгүй. Бүгд л мөрөө хавчиж байна.
Орууллаа
ч өрмийг нь аваад хусмыг нь өгөх хууль батлах болов уу гэсэн хардлага
төрж байна. Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг М.Батчимэг
гишүүнээр ахлуулсан гэх баттай бус мэдээлэл байгаа ч үүнийг нотлох эсвэл
няцаах хүн олдсонгүй:
Ямартай ч энэ хуулийн төслийн ажлын
хэсэгт Сэтгүүлчдийн эвлэлийн төлөөллийг оролцуулах санал ямар ч
хэлбэрээр ирээгүйг тус эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэллээ. Хувь хүний хэвлэн
нийтлэх, хэвлэлийн эрх чөлөөний талаар дагнан үйл ажиллагаа явуулдаг
“Глоб Интернэшнл” ТББ-д ч ямар нэгэн санал ирүүлээгүй гэнэ. Гэтэл
хэзээний байгуулагдчихсан гээд байгаа ажлын хэсгийн боловсруулсан гэх
нэгэн хуулийн төсөл энд тэндгүй тэнүүчилж явна. Тэрхүү хуулийн төслийн
Хэвлэлийн зөвлөлийг байгуулах заалтаас харвал дээр байгууллагуудад
мэдэгдээгүй нь ч аргагүй бололтой. Учир нь 15,1-т “Хэвлэлийн
зөвлөл/цаашид “Зөвлөл” гэх/-ийг чөлөөт сэтгүүлч, өргөн нэвтрүүлэгч,
сэтгүүлчдийн нэгдсэн мэргэжлийн холбоодын төлөөлөгчдийн хурлаас
байгуулна…” гээд заачихсан болохоор тэр. Холбоод гээд заачихсан
болохоор төрийн бус байгууллагын төлөөлөл оролцохгүй гэсэн үг. Тиймээс
ийм холбоодын нөхдүүд л хуулийн төслийн Ажлын хэсэгт байгаа болов уу гэх
мунхаг хардлага төрлөө. Мэргэжлийн байгууллагууд мэдээгүй байгаа тэрхүү
төслийг нь сөхөөд харвал 12,2-т нь “Хэвлэл мэдээллийн байгууллага нь
хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаан
доромжилсон болон бусад хууль бус мэдээллийг сэтгэгдэл болон бусад
хэлбэрээр дамжуулан нийтлэх, нэвтрүүлэх боломжийг гурав дахь этгээдэд
олгохыг хориглоно” гээд заачихаж. Нэг ёсондоо сэтгэгдлээр элдэв иргэдийн
амыг барина аа гэсэн үг.
Үнэндээ сайт гээч асар өргөн хүрээг
хамарч, иргэд болон редакцийн амь холбоог үүсгэдэг тэрхүү гүүрээр
дамжуулж үзэл бодлоо илэрхийлдэг мянга мянган монголчууд түүгээр л амьд
харилцааг үүсгэдэг. Дэлхийг “хавтгай” болгоод буй гавьяа нь ердөө л энэ.
Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл дундаас хамгийн амьд, хамгийн өргөн хүрээг
хамарч байгаагийн хамгийн гол учир нь тухайн нийтлэл, ярилцлага,
мэдээллийн талаар өөрийнхөөрөө асуудалд хандаж байгаад орших нь
дамжиггүй. Зарим тохиолдолд төрийн зүгээс хав дарсан үнэнийг сэтгэгдлээр
ил болгох ч явдал бишгүй олон. Гэтэл тийм боломж олгохыг нь хориглох
гэнэ. Нөгөөтэйгүүр бусад гээд байгаад иргэдийн байр суурийг хэлээд буй
бололтой. Үүнийгээ яг ямар учиртай болохыг тайлбарласан тайлбар алга.
Ерөнхийлөгчийн
хэлээд байгаа шиг тийм хууль байсанд орвол байгаагүй нь дээр. УИХ-ын
гишүүн М.Батчимэг дахин хуулийн төсөл санаачлах ажлын хэсэг байгуулан
ахлаж байгаа гэх ч тухайн ажлын хэсэгт аль байгууллагын хэний төлөөлөл
багтсан нь тодорхойгүй байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн
хувьд энэ хуулийг батлуулах, тэр дундаа мэдээллийн хэрэгсэл бодитоор
хариуцлага хүлээх, түүнчлэн улстөрчдийн нөлөөллөөс ангижрах сонирхол
алга.
Засгийн газрын санаачилсан нэгэн хуулийн төсөл бишгүй
яригдсан ч түүгээр бид хэвлэлийн эрх чөлөөг олохоос илүүтэй боолгуулах
шинжтэй. Хуулийн төслийг харжээ суухад л тийм л агуулга, зүйл заалт
орсон байсан, одоо ч орох нь.
Тэгээд ч өнгөрсөн жилүүдэд тэд
тогтоол гаргаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг харин ч нэг хаахыг
эрх баригчид санаархдаг. Аливаа дарангуйлагчид ард иргэдийг арчаагүй
дорой байлгаж, үг хэлэх хийгээд үзэл бодлоо илэрхийлэхийг нь
хориглодгийн адил тэд монгол хэлтнүүдийг сэтгэгдлээ бичих, байр сууриа
илэрхийлэхийг нь хаахаар зэхэж буй бололтой. Мэдээж үүнийгээ “Бусдыг
гутаан доромжилж, садар самуунд уруу татагдсыг илрүүлэх зорилготой” гэж
сэтгэгдэл бичигч бүх мэдээллээ ил болгох тогтоолыг гаргах гэж байсан
Засгийн газрын тэргүүн шиг тайлбарлах байх. Хэрэв тэгвэл захиалагч нь
хэн бэ гэдгийг ядах юмгүй мэдэхсэн. Энэ хуулийн төслөөс 12,2-г аваад
хаячихлаа гэхэд ямар нэгэн тогтоол гаргах боломжийг нь хуулиар
хориглоогүй. Тэгэхээр иймэрхүү тогтоолоо дахиад хэзээ л бол хэзээ гаргах
боломж нь одоо ч байсаар л байна.
Гэхдээ шинэ хуулийн төслийн
нэг давуу тал нь тухайн төрийн албагч хаагч, хуулийн этгээд, иргэн
гүтгүүлсэн гэж үзэж байгаа бол түүнийгээ өөрөө нотлох үүрэгтэй болгох
аж. Ингэснээр өөрийг нь гэмт буруутай гэж гүтгэлээ гээд шүүхэд хандана
гэж сэтгүүлчдийг дарамталдаг байсан бол гэм буруугүй гэдгээ өөрсдөө
нотлох үүргийг шүүхийн өмнө хүлээх аж.
Хүний эрх, эрх чөлөөг
хөхиүлэн дэмждэг болохоор л Ардчилсан нам гэдэг үг эрх чөлөө гэсэнтэй
ижил сонсогддог. Харин иймэрхүү хуулийг тэд эрх барьж байх хугацаандаа
гаргавал хувьсгал хийж олж явсан ардчилал үгүй болж, өмнөх нийгэм рүүгээ
эргээд алхлаа гэхээс өөрцгүй. Энд зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн
эрх чөлөөний тухай бус иргэн бүрийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх
язгуур эрхийн талаар яригдаж байна гэдгийг бид хаана хаанаа ойлгох нь
чухал. Ямар ч цаана чинь нэг юм болоод байна. Харин юу болоод байна вэ?