Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов Сочийн олимпод оролцсон манай улсын баг тамирчдыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтад ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, УИХ-ын гишүүн, Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Ц.Даваасүрэн, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Раш тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
-Монгол орон бол манай эртний бас ойрын анд нөхөд. Өнөөдөр бид бүхэн спортын салбарт ч гэсэн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх эрмэлзэлтэй байна. Сочи хотноо болсон олимпийн наадмыг зохион байгуулахын тулд 200 барилга байгууламжийг хамгийн орчин үеийн технологиор байгальд хор хөнөөлгүй байдлаар байгуулсан. Эдгээр барилга байгууламжийн ихэнхэд нь спортын тэмцээн, уралдаан явагдаж, зочид төлөөлөгчид байрласан юм. Танай улсын шинэ цэнгэлдэх хүрээлэн, спортын цогцолбор ордон барьж байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхэд ОХУ-ын компаниудыг оролцуулах нь манай хоёр орны хүмүүнлэгийн болон хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцолсон юм.
Мөн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хоёр орон цаашид спортын барилга байгууламжийн салбарт хамтран ажиллах болсонд талархаж байгаагаа илэрхийлээд,
-2014 оны Сочийн олимпийг Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэж, оролцоод эх орондоо ирснийхээ дараа өвлийн спортыг хөгжүүлэхээр Засгийн газарт чиг үүрэг бүхий зарлиг гаргасан. Засгийн газар энэхүү зарлигийн дагуу ажлаа эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллаж байна. ОХУ бол өвлийн спортын тэргүүн гүрнүүдийн нэг. Тиймээс та бүхний өвлийн спортыг хөгжүүлсэн туршлага манай улсад тун хэрэг болно гэлээ.
Сочийн өвлийн олимпийн үеэр Оросын иргэд Монголын баг тамирчид, үзэгчдийг тун найрсгаар хүлээн авсан гэнэ.
-Сочийн олимпийг үзээд хоёр зүйл мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн. Нэгдүгээрт, зохион байгуулалт, бүтээн байгуулалтын хувьд маш сайн болсон. Хоёрдугаарт, Зөвхөн спорт төдийгүй Монгол, Орос улсын ахан дүүсийн харилцаа маш сайн байгааг мэдэрсэн. Р.Раш бид хоёрыг хоккей үзэхээр очиход Оросын настай шиг иргэд “Манай ахан дүүсийг шалгалгүй оруулаарай” гэж хэлж байлаа. Мөн 1945, 1946 онд Монгол Улсыг хамгаалахаар дайнд оролцож явсан гэх ахмад настан тааралдаж байлаа. Тэгэхээр Монгол, Оросын ахан дүүсийн харилцааг улам бэхжүүлж, цааш хадгалж явах нь маш үнэтэй, нандин зүйл юм гэдгийг онцолмоор байна. ОХУ Монголын спортын бүтээн байгуулалтад хамтарч ажиллана гэдэг бол маш сайхан хэрэг. Бид үүнийг дэмжиж, ажил хэрэг болгох ёстой гэлээ.
ОХУ Сочи хотноо зохион байгуулсан өвлийн олимпийн наадмаас 33 медаль хүртэж, дэлхийн 207 орныг тэргүүлсэн юм. Мөн энэ удаагийн олимпийн наадам Оросын ард түмний эв найрамдал, түүх, бахархал бүрийг шингээж, үндэстнээ нэгтгэсэн чухал үйл явдал болсон юм.