Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнай "АСА" циркийн үйл ажиллагаанд шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илрүүлснээ өнгөрсөн долоо хоногт зарласан. Циркийн барилгыг зориулалтын бусаар ашиглаж байгааг өөрчлөх, циркчдийн байрны стандартыг хангаж ажиллах, барилгын дотоод заслыг сайжруулах талаар үүрэг өгч, хэрэв биелүүлээгүй тохиолдолд хувьчлалыг нь хүчингүй болгохоо мэдэгдээд байгаа юм. Энэхүү шаардлага, албан бичгийн хариу болгож “АСА” циркийн тэргүүн Д.Дагвадорж мэдээлэл хийсэн юм.
Хурлын үеэр “АСА” циркийн тэргүүн Д.Дагвадорж мэдээлэхдээ,
-ШӨХТГ-ын дарга О.Магнай “АСА” циркээр оролдоод эхэллээ. Тиймээс хэвлэлийн хурал хийхээр шийдсэн. О.Магнайг 2016 оны сонгуульд СХД-ээс нэр дэвших талаар мэдээллүүд гараад байгаа. Сонгинохайрхан дүүргээс миний ах Д.Сумъяабазар УИХ-д сонгогдоод ажиллаж байгаа. Би бодохдоо, энд ашиг сонирхлын зөрчил, улс төрийн шоу тоглолт байна уу даа гэж хараад байгаа юм. Хэрэв О.Магнай төрийн ажлыг хувийн амбицтай хольж хутгах юм бол би хатуу тэмцэнэ. Нөхөр О.Магнай улс төрөө хийх гэж байгаа бол хийдэг газраа очиж хий. 2008 оны долдугаар сарын 1-нд Монголд юу болсон. Тэр үйл явдлыг хэн өдөөн хатгасан билээ. Таван хүний амь хаана байна. Өнөөдөр би тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг мандуулж явсан хүн шүү. Намайг 22 насандаа Монголынхоо нэрийг гаргаад аварга болж байхад О.Магнай дүү юу хийж байсан юм бэ. Бусдыг шантаажлаад л явж байсан шүү дээ.
-Менежментийн гэрээгээ зөрчсөн гэж ШӨХТГ-аас мэдэгдээд байгаа шүү дээ?
-Менежментийн гэрээний хугацаа нь гэрээ байгуулснаас хойш хоёр жилийн дараа дуусгавар болчихсон. Энэ хувьчлал төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34.1.6-д заасан аргын дагуу менежментийн үр дүнг харгалзаж хувьчилсан. Хугацаа нь дууссаны дараа Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаад, холбогдох төлбөрөө төлөөд хувьчилж авсан.
-ШӨХТГ-аас явуулсан албан бичиг алдаа мадагтай байна гэж байсан. Ямар алдаатай байсан бэ?
-Манайд явуулсан бичиг баримттай танилцсан. Албан бичиг нь дотроо сар өдөр нь буруу, гараар зассан засвартай байгаа юм. Төрийн ажлыг ингэж хийж болдоггүй л байхгүй юу даа. Мөн манай байгууллага тайлангаа гаргаж ШӨХТГ-т албан бичгээр илгээсэн. Гэтэл тэр байгууллагын нууцтай хамаатай зүйлсийг шууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн. Тиймээс албан байгууллагын нууц тараасан гэх хэргийг Захиргааны хэргийн шүүхэд өгч шийдвэрлүүлэх болно.
-Циркийг цирк чигээр нь үлдээхийг хүсч байгаагаа ШӨХТГ-ын дарга мэдэгдээд байгаа. Мөн циркээс өөр төрлийн биүнесийн чиглэлийн компаниуд циркэд үйл ажиллагаагаа явуулж байна гэж мэдэгдсэн.
-Циркийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Өнөөдөр монголчууд цирк үзэхээ больчихсон. Яамдын сайд, дарга нарт бүгдэд нь урилга өгч байгаа. Хэн ч ирдэггүй. Цирк циркээрээ байгаа. Байх ч болно. Намайг үхсэний дараа юу юм гэхээс. Мөн манайх улсад 80 сая төгрөгийн татвар төлдөг. Өнөөдөр “АСА” циркэд 135 уран бүтээлч гэрээгээр ажиллаж байна. Гэтэл 68 гэж мэдээлсэн байна лээ. Би өөрийгөө зөвтгөх гэж яриагүй. Бид циркийн болон урлаг соёлын тоглолтынхоо PR-ыг дутуу дулимаг хийсэн тал бий. Тэрнийгээ засаж ажиллана. Өнөөдөр алтан манеж сүйрээгүй шүү гэдгийг хэлмээр байна.