
Төрийн мэдлийн Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө сайн ажилласан гэж үнэлцгээн тус бүр 90 саяын урамшууллыг өөрсдөдөө олгочихсон байсан явдал ихэд зэвүүцэж, төрийн албан хаагчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн ийм хүмүүсийг төрийн албанд дахин ажиллах эрхгүйгээр халж явуулах нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрт нь гурван сар зөвлөсөн зөвлөхүүдээ 5-30 сая төгрөгийн урамшуулал олгож журам, тогтоол зөрчсөн талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Ерөнхий сайдаас хишиг хүртэгсдийн тэргүүн эгнээнд нэр нь гарч байсан нэгэн бол ахлах зөвлөхийн статустай Л.Гансүх. Байгаль орчны сайд асан түүнийг хууль журам зөрчсөн гэх мэдээлэл цөөнгүй байдаг. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд арилжааны банкны 2 сая ам.долларын зээлийг зувчуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-д шалгагдаж байгаа аж. Тодруулбал, тэрбээр “Хүннү стийл” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Цэрэнжагзан, тус компанийн гүйцэтгэх захирал Н.Энхбаатар, “Хүннү стийл” компанийн ТУЗ-ийн гишүүн М. Сүхбаатар, “Их-Эрдэнэс консалтинг” ХХК-ийн захирал С.Соёл-Эрдэнэ, тус компанийн ерөнхий геологич Т.Бүрэнбадрах, Эрдэс байлгийн зөвлөлийн дарга асан Ө.Оюунбаатар, Ашигт малтмалын газрын дарга асан, Эрдэс баялгийн дэд дарга М.Ариунбаяр нарын хамтаар энэ хэрэгт шалгагдаж байгаа юм. Хэргийн талаар өгүүлбэл, “Хүннү стийл” компанийн удирдлагууд 2012 оны зургадгаар сард MV-017017 тоот ашигт малтмалын ашиглалтын лицеиз барьцаалан “Голомт” банкнаас хоёр сая ам.долларын зээл авсан байдаг. Гэвч зээлээ төлөлгүй хариуцлага алдсан учраас тус компанид хөндлөнгийн шалгалт оруулахад, хуурамч бичиг барим бүрдүүлэн авсан ашигт малтмалын лицензээ барьцаалан зээл авсан нь илэрсэн байгаа юм. Харин “Хүннү стийл” компанид хуурамч бичиг барим бүрдүүлэн лиценз гартаа оруулах тал дээр нь Л.Гансүх нарын нөхдүүд тус үзүүлж, холбогдох газруудад нөлөөлсөн гэх асуудлаар шалгагдаж байгаа юм байна.
Л.Гансүхийн тухайд энэ лиценкийн хэрэгт холбогдсон эхний тохиолдол биш. Иргэдийн хяналт, мэдээллийн сүлжээ байгууллагаас Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба, Л.Гансүх хоёрын лицензийн хэрэгт холбогдуулан шалгахаар АТГ-т өгч байсан. Л.Гансүх сайд байхдаа 200 лиценз бусдад эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж олгосон, бусадтай бүлэглэн хувьдаа завшсан гэх үндэслэлээр өгсөн байдаг. Гэхдээ тэрбээр хуулийн өмнө толгой гудайгаад байдаггүй нэгэн гэдгээ өнгөрсөн хугцаанд сэтгүүлчидтэй заргалдан байж харуулсан гэдгийг хэлэх хэрэгтэй байна. өдгөө урагшилж гавихгүй байгаа Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын талыг төлөөлж байгуулсан гурван сайдын нэг тэрбээр өөрийгөө ихэд гавьяатай нэгэн гэх зүйлийг ярих дуртай. Ямартаа л Оюутолгойн гэрээний талаар “Өнөөдрийн нөхцөл байдал бидний харснаар хамгийн сайн хувилбар нь энэ л байсан. Дахин нэг давуу тал нь юу вэ гэхээр гадаадынханы үл итгэлцэл, дотоодныхны хардалт сэрдэлт дотор бөглөрчихсөн байсан бөглөөсийг цөм цохиж явуулсан. Энэ бол бидний хийсэн гавьяа. Үүнийг зөв зам байсан гэдэгт бат итгэлтэй байгаа” хэмээн ярьж байхав. Тэгэхээр гавьяа байгуулсандаа бат итгэлтэй байдаг тэрбээр гэм хийгээгүй гэдгээ бас итгэлтэйгээр нотолбол сайн байхсан…