Алтныхан төртэй хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Алтныхан төртэй хамтарч ажиллана

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 50 гаруй байгууллагын төлөөлөл Стандарчилал хэмжилзүйн газрын Сорьцын хяналтын хэлтсийн удирдлага, албан тушаалтнуудтай өчигдөр уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Алт үйлдвэрлэгчид болон алтыг хайлуулж, сорьцыг тогтоодог албан тушаалтнууд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болсон юм.

Уулзалтын эхэнд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Ажлын хэсгийн дарга С.Бүрэнтогтох “Монголбанкинд алт тушаасан тохиолдолд 2.5 хувийн татвар төлөхөөр болж хууль эрхзүйн орчин таатай болсон. Мөн санхүүжилтийн асуудлууд яригдаж эхлээд байна. Санхүүжилтийн асуудлыг ойрын үед ажлын хэсгээс шийдээд ямар компаниудад хэрхэн зээл олгох вэ гэдэг асуудал шийдэгдэх болов уу. Зээл авсан төдийгүй өөрөө өөрийгөө санхүүжүүлж байгаа бүхий л компаниуд уурхайгаас үнэт металл, металлиа Сорьцын хяналтын  хэлтэст авчран сорьцыг тогтоолгож Монголбанкинд тушааж байгаа. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, төр засаг, Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс алтны холбоогоор дамжуулан алт олборлогчдоос алтаа шударгаар Монгол  Улсдаа, Монголбанкинд тушаахыг хүсч байгаа. Учир нь 2005-2006 оны үед 25-30 тонн алт олборлож байсан. Гэвч тухайн үеийн улс төрийн шийдэл, янз бүрийн бодлогын улмаас 2012 онд гурван тонн, 2013 онд зургаан тонн алтыг Монголбанк худалдаж авсан байна.  Алтны салбар бол эдийн засагт хурдан хугацаанд үр өгөөжөө өгөх салбар. Тиймээс хамтын ажиллагаагаа сайжруулж, нягт хамтран ажиллах шаардлагатай байна. Тиймээс ч Сорьцын хяналтын хэлтэстэй хамтран ажиллах санамж бичиг зурах болсон” гэж онцолсон юм.

Монголын алтыг Монголдоо үлдээх зорилгоор УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсан. Энэхүү хууль батлагдсанаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ өсч, алт хуримтлагдсанаар эдийн засаг сайжирч, төгрөгийн чадварт сайнаар нөлөөлнө. Мөн алтаа барьцаалж, хөрөнгө оруулалт татах, бонд гаргах гэх мэт ач холбогдолтой хэмээн УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийнхэн мэдээлээд байгаа юм. Хууль эрхзүйн орчныг буюу татварыг 2.5 хувь болгон бууруулахаас гадна алтыг хайлуулж, сорьцлох, худалдах бүхий л ажиллагааг ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай явуулах шаардлага нэн түрүүнд гарч ирэх нь мэдээж юм.

Алт үйлдвэрлэгчдэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

Уулзалтын үеэр алт үйлдвэрлэгчдийн зүгээс “Алтыг Сорьцын хяналтын хэлтэст авчран хайлуулж сорьцыг тогтоолгох, жинлүүлэх, улмаар Монголбанкинд тушаах зэрэгт оочирлох, хүлээх гээд их хэмжээний цаг хугацаа шаардагддаг. Зарим тохиолдолд сорьц тогтоолгож, жинлүүлсэн алтыг Монголбанкинд тушаахад бага хэмжээний жингийн зөрүү гардаг. Мөн 300 граммаас бага жинтэй алтыг сорьцлохгүй, худалдаж авахгүй байгаа нь ихээхэн асуудал хүндрэлийг учруулдаг” зэрэг саналыг хэлж байсан юм. Мөн тээвэрлэлтийн нууцыг алт үйлдвэрлэгчид өөрсдөө хариуцдаг учраас тээвэрлэн авчрах, тушаахаар хүлээх зэрэгт хамгаалалалтгүй байдгаас элдэв эрсдэл их гардаг. Сорьцын хяналтын хэлтэс нь алт хайлуулах ганцхан зуухтайгаас зуны улиралд буюу ид ачааллын үеэр ачааллаа дийлэхгүйд хүрч алт тушаагчид хонон өнжин оочирлож байж алтаа сорьцлуулдаг. 10 килограммын ганцхан зуухтайгаас бага хэмжээтэй алт хайлуулахад устаж алга болох, үүнээс үүдээд бага грамттай буюу 100 граммаас бага хэмжээтэй алтыг сорьцлуулах боломжгүй зэргийг ч дурьдаж байсан юм. Тиймээс их, бага жинтэй алт хайлуулах зуухыг яаралтай нэмж авах, алт тушаагчдын оочир дарааллыг утсаар захиалга авах зэрэг шинэ арга хэмжээг авах шаардлагатай байгааг хэлэв.

 Засгийн газраас туслалцаа үзүүлэх шаардлагатай байна

Алт үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа дээрхи хүндрэл бэрхшээлийг Сорьцын хяналтын хэлтсийн хамт олон хүлээн авч, хамтран ажиллаж, яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг мөн хэлж байсан юм. Сорьцын хяналтын хэлтсээс жил бүрийн төсөвт агааржуулалтын системийг сайжруулах, алт хайлуулах зуухны тоог нэмэгдүүлэх хүсэлтээ илгээдэг боловч УИХ, Эдийн засгийн хөгжлийн яамнаас төсвийг танах зорилгоор жил бүр төсвөөс хасдаг. Гэхдээ 2014 онд алтыг Монголдоо төвлөрүүлэх том зорилго зорилт тавьсан учраас Алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран дээрхи асуудлуудыг яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтээ төр засаг, холбогдох яам агентлагт хүргүүлэхээр болсон юм. Энэ асуудлыг бүрэн гүйцэт шийдэж байж л монголчууд алтаа эх орондоо үлдээж, түүгээрээ дамжуулан эдийн засгаа өөд нь татаж чадна гэдгийг ч талууд чухалчилж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж