Ж.Равдандорж: Бид журмын нөхөртөө дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Ж.Равдандорж: Бид журмын нөхөртөө дэмжлэг үзүүлнэ

Японд очиж нурууны мэс засал хийлгэхээр болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монголд 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын анхдагчид, журмын нөхөд нь чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Энэ талаар ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Ж.Равдандорж ярьж байна.

-Монгол Улсад ардчиллын галыг анхлан асаалцсан журмын нөхөд нийлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эмчилгээнд зориулж дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болж байгаа юм байна. Энэ талаараа ярина уу?

-Ардчиллын алтан хараацай, бидний удирдагчдын нэг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадад явж нурууны мэс засалд орох гэж байгааг ардчиллын анхдагчид бид өнгөрсөн долоо хоногт хэвлэлээс олж мэдсэн. Тэгээд манай ардчиллын партизанууд зохион байгуулалтад орж, журмын нөхрийнхөө эмчилгээнд туслалцаа үзүүлэхээр ярилцлаа.

Хэн ч байсан хүн л юм хойно өвчин тусах нь мэдээж. Өвдсөн цагт нь чин сэтгэлээсээ туслах нь хүний ёс. Ц.Элбэгдорж бол бидний журмын нөхөр. Нөхрийн ёсоор бид түүнд туслах ёстой. Миний хувьд гэвэл 1990 онд Ц.Элбэгдорж бид хоёр нэг байранд, зэрэгцээ орцонд амьдарч байхдаа ардчилсан хувьсгалыг эхлүүлж, эхнээс нь хамтран тэмцэж явсан. Журмын нөхрөө мэс засалд орохоор болсныг дуулаад сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Манай партизанууд ч ялгаагүй дор бүртээ санаа зовж байна.

Бид журмын нөхрөө эрүүл саруул болоод иртэл нь дэмжиж, сэтгэлээрээ хамтдаа байх болно.

Н.ХЭРЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж