О.Магнай тус байгууллагын даргаар томилогдсон даруйдаа хэд хэдэн шийдвэртэй алхам хийсний нэг нь үүрэн телефоны операторуудын дараа төлбөрт үйлчилгээний барьцааг буцаан олгох, ярианы төлбөрийг секундээр хэмжих тухай байлаа. Барьцаа нэртэй урьдчилгаанд багадаа л нэг хэрэглэгчээс 60 мянган төгрөг авдаг жишиг бүх л гар утасны компаниудад тогтчихсон. Зөвхөн мобикомын хэрэглэгч 1,8 саяд хүрсэн. 9911-ээс эхлээд 9910, 9909-өөр дараалан 9499-өөр үргэлжлэх дараа төлбөрт хэрэглэгчдийн тоо нийт хэрэглэгчийн 30-40 хувьд лав хүрнэ. Скайтел, Юнител, Жи мобайл компанийн хувьд ч дараа төлбөрт үйлчилгээний эзэд олон бий. Тэдний барьцааг тооцоод үзвэл тэрбумаар тоологдох болов уу. Хэзээ нэгэн цагт төлбөрөө төлөөгүйн төлөө суутгуулах гэж энэ их мөнгийг барьцаалуулснаа хэрэглэгчид огт анзаараагүй өдгөөтэй золгосон байдаг. Харин оператор компаниуд тэрбум тэрбумаар нь авч эргэлдүүлж ашиг орлогоо суга өсгөж байсан юм билээ. Үүнийг соргогоор ажигласан нь сайн хэрэг. Харин биелэлтэд нь хяналт тавихгүй байгаа нь сайн хэрэг яав ч биш. Шийдвэр гарснаас хойш жил болж байхад дараа төлбөрт хэрэглэгчид барьцаагаа авч дуусаагүй байна. Арваас дээш жил дугаараа барьсан, төлбөрөө найдвартай төлж буй хэрэглэгчдээс эхлэн барьцааг нь буцаан өгнө гэсэн зарыг бараг л жилийн өмнө гаргасан. Өнөөг хүртэл барьцаагаа буцааж аваагүй хэрэглэгч зөндөө байна.
ШӨХТГ-ын бас нэгэн хэрэгжээгүй шийдвэр бол нийтийн бие засах газрыг төлбөргүй болгох шийдвэр юм. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудын бие засах өрөөг үнэ төлбөргүй болгох шаардлага тавьсааар бас л нэгэн улирлыг үдэж байна. Одоогоор Өргөө кино театр, Улсын клиникийн гуравдугаар эмнэлэг, Номин плаза, Билэг их дэлгүүр, Теди худалдааны төвүүдэд иргэд үнэгүй үйлчлүүлэх боломжтой болосн гэж ШӨХТГ-аас мэдээлж байгаа. Бусад үйлчилгээний газрууд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөх ёстой эл шийдвэрийг хэрэглэгчийн өдрөөр хэрэгжүүлэхээ амласан гэнээ. Уг нь тухайн байгууллагаар үйлчлүүлэх гэж орсныхоо төлөө хэрэглэгч бие засах газар байтугайг үнэ төлбөргүй хэрэглэх учиртай. Хөгжингүй орнуудаас жишээлэх дуртай манай бизнесменүүд тэр мэт соёлтой үйлчилгээг нэвтрүүлдэг баймаар юм. Төлбөр авдаг хэрнээ гэрэл гэгээгүй, бохир заваан байдаг UB palace мэтийн бие засах газар төлбөргүй болоод ирэхээрээ ямархан болох бол гэсэн түгшүүр байгаа ч үйлилгээний ажилтнуудаа цэвэрлэгээ хийснийх нь төлөө цалинжуулдагаа мартамгүй.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нэрээр гарч ирсэн ч сүүлдээ туг хиур худалддаг байгууллага болон хувирсан нэгэн газар бий. “Хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлдэг байгууллага” гэсэн цэнхэр далбаа одоо ч зарим газарт өлгөөтэй харагддаг. Хэдий төрийн бус байгууллага ч гэлээ ёс зүй, нэр нүүргүй загнаж болдоггүйн жишээг хангалттай харуулсан газар бол Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг. Тус газрын дарга даамал, эрхтэн дархтнууд бүгд солигдсон ч хэрэглэгчийн төлөө, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа нь ховорхон.
Хэрэглэгчийг төөрөгдүүлдэг гол зүйл нь реклам сурталчилгаа. Ялангуяа нэр нөлөө бүхий хүмүүсийг ашигласнаараа бүтээгдэхүүний талаарх мэдээлэл олонд илүү хүрнэ гэж тооцоолсон бизнесмэнүүдийн хавханд өртсөн хүн урлагийнхан дунд олон бий. “Банш” Батаа, Өскө, Цоомоо, Ундраа, Бооёо нартай уралдан Анхаа, Халиун, гавьяат Сараа хүртэл рекламны уран бүтээлч болсоор удаж байна. Сүү тараг, будаа гурил, өндөг, пицца, пиво гээд материал голохгүй рекламдах тэдний эгнээнд спортын алдар цуутнууд, зарим нэг сэтгүүлч, сурвалжлагч нар ч бий. Рекламдаж буй бүтээгдэхүүнээ эд нар хэрэглэдэг болов уу гэсэн эргэлзээ надад л лав төрдөг юм. Харин хүмүүс хэрхэн хүлээн авч, тухайн бүтээгдэхүүний борлулалт нэмэгддэг эсэхийг мэдэхгүй. Ямартай ч олны танил хүмүүсийг ашигласан рекламнуудыг хэрэглэгчийг төөрөгдүүлэх нэг хэлбэр гэдэгтэй санал нийлэх хүн олон бий.
Өрсөлдөгчөө нуга дарах гэсэн башир арга хэрэглэгчид сошиал ертөнцийг ашиглах болжээ. Тэд ачиж буйг буулгаж байгаа болгон цуу тараасан хэрэг саяхан гарсан. Тэр мэт харыг цагаанаар цагааныг хар болгогсдын балгаар хэрэглэгчид л төөрөгдөлд ордог. Хэвлэлийн салбарт ч “Хамгийн шилдэг нь манайх” хэмээн цээжээ дэлдэн цэцэрхэгчид олон. Хэн шалгаруулж шилдэг болгосон бэ гэдэгт харин хариу байдаггүй. Бүгд шилдэг юм бол бусдаасаа хэрхэн ялгарах. Энэ мэт хэрэглэгчийг төөрөгдүүлсэн бүхэнд сонор чих, соргог хараа чухал байгааг эгэл нэгэн хэрэглэгчийн хувиар сануулъя.