Ам.долларын төгрөгтэй харилцах ханш өссөнөөс иргэдийн худалдан авах чадвар буурч амьдрал хүндэрч байгааг иргэд сайдын чихэнд хүргэлээ. Мөн Үйлдвэржүүлэлтийг дэмжих хүрээнд сонгон шалгаруулсан 888 төслийг бүгдийг хэрэгжүүлэх үү, дахин сонгон шалгаруулалт явуулж санхүүжилтийг олгох уу. Хаанаас санхүүжүүлэх вэ зэрэг олон асуултад иргэд хариулт авлаа. Иргэдийн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэрхэн хариулсныг багцлан хүргэж байна.
-“Гудамж” төсөл энэ онд хэрэгжих үү. Өнгөрсөн онд хэчнээн авто замыг өргөтгөсөн бэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд 18 уулзварыг өргөтгөж, шинэчилсэн. Тухайлбал, Саппорогийн тойрог, Өргөө кино театр, Нэгдүгээр хороолол, Мишээл экспо төвийн уулзваруудыг өргөтгөн шинэчилсэн. Сарын хугацаанд монголын компаниуд дээрх ажлыг гүйцэтгэсэн. Юм хийж чаддаг болсоныг харуулсан. Өнөө жил 100 айлын уулзвар гээд мөн 10 гаруй уулзварыг өргөтгөнө. Яагаад уулзваруудад ач холбогдол өгч байгаа вэ гэхээр түгжрэл олон машинтайдаа биш юм, машины тоо бага, Улаанбаатар хотын хэмжээнд 400 мянга гаруй авто машин бий. Уулзварууд хөрөөний ир шиг зөрчихсөн байгаа, тэр бүгдийг засах шаардлагатай. Дээр нь гудамж замыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ хүрээнд хийгдэж байгаа. Мөн энэ жил хурдны зам барих ажил эхэлнэ. Ирэх жил ашиглалтад оруулна. Баянзүрхийн товчооноос баруун аймаг руу явдаг зам хүртэл 33 км зам үргэлжилнэ. Хотын зүүн захаас баруун зах хүрэхэд 2 цаг зарцуулдаг бол 20 минут зарцуулна.
-Ам.долларын ханшийн өсөлтөөс ард түмний амьдрал муудаж байна, амьжиргааг нь дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ, Засгийн газар. Долларын ханшийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил юу байна?
-Монголчууд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж хэлдэг. Сайн сайхан амьдрахын төлөө өөрсдөө сайн ажиллах ёстой. Засгийн газар бол банкуудын зээлийн хүүг бууруулах гэх мэт ажлыг л хийнэ. Валютын ханшийн өсөлтөөс болж бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа, үүнээс гарахын тулд экспортыг нэмэгдүүлнэ. Экспорт дотор зэс, газрын тос, алт, төмрийн хүдэр, нүүрсийг дэмжих бодлого явуулж байна. Тухайлбал, энэ онд зэсийн баяжмалын экспортыг 1 сая тонн-д нүүрсний экспортыг 30 сая тоннд хүргэнэ гэж байгаа. Валютын орлого нэмэгдсэнээр ханшийн нөлөөллийг багасгана.
Тэгэхээр ард иргэд бүгдээрээ хөдөлмөрлөх хэрэгтэй, үндэсний бараагаа авдаг болмоор байна.
-Засгийн газар цөмийн хаягдлыг булшлахыг яагаад дэмжих болов?
-Монголд ураны хог хаягдал оруулж ирэхгүй.
-Үйлдвэржүүлэлтийг дэмжих хүрээнд 888 төслийг шалгаруулсан. Тооны билигдлийг нь бодож ингэж тааруулав уу, шалгарсан төслүүдэд бүгдэд нь санхүүжилт өгөх үү?
-Нийт 1000 гаруй төсөл ирсэн, давхардсан төслүүд олон байсан. Тэр бүгдийг ач холбогдлоор нь эрэмбэлээд хасч шүүлт хийхэд 888 төсөл шалгарч үлдсэн. Нийтдээ 4.5 их наяд төгрөг шаардсан төсөл байсан. Чингис бондоос санхүүжүүлэх үйлдвэрт өгөх зээлийн хугацаа нь 5 жил, зээлийн хүү 9 хувиас илүүгүй байна. Хөгжлийн банкнаас санхүүжилт хийж, зээлийг арилжааны банкаар дамжуулан олгоно.
-Орон сууцны үнийг бууруулахын тулд ямар ажил хийж байна вэ?
-Өнөө жил цементийн шинэ үйлдвэр ашиглалтад орно, мөн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 1 сая тонн цемент үйлдвэрлэнэ. 2015 онд цементийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангана. Төмрийн хэрэгцээгээ мөн 2016 онд дотоодоос бүрэн хангахаар хувийн компаниудтайгаа хамтран ажиллаж байна. Барилгын үндсэн материал нь цемент, арматур төмөр. Гол түүхий эдийг дотооддоо үйлдвэрлээд хэрэгцээгээ бүрэн хангахаар импортын хамаарал багасна. Мөн барилгын үнийг буулгахын тулд байшингаа өөрсдөө баривал үнэ буурна. Өндөр байшин бариад байх биш амины орон сууцыг өөрсдөө баривал хямд тусна. Өртгийн хувьд хямд байдаг.
-2014 онд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал ямар байх бол?
-Эдийн засгийн төлөвийг өөдрөгөөр харж байгаа, хүндрэлтэй асуудал бий. Тэр нь валютын ханшийн өсөлт. Арга хэмжээ авч байгааг хэлсэн. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг 11 хувиар харж байна.
-Компаниуд олноор дампуурч байна гэх юм?
-Компаниуд дампуураагүй, сайн явах санааных гэдэг юм, муу юм ярих нь битгий хэл бүү бод гэдэг. Яагаад гэвэл бодоод байхаар муу юмаа дуудаж байна гэж үздэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг сайн явъя гэж хүсч байгаа бол сайн юм бод. Та бүгдийн амьдрал сайн байх нь өөрөөс чинь хамаарна.
-Өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байна?
-Бусад оронд хэцүү байгаа ч бид харьцангуй зөөллөж авч яваа. Дэлхийн эдийн засаг таатай биш байгаа ч түүнээс хамгаалах бие даасан бодлого явуулах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
-Алт олборлолтыг энэ онд нэмэгдүүлэх юм уу?
-Алтыг хаана ч зарж болдог. Алт олборлолт нэмэгдсэнээр валютын нөөцийг нэмэгдүүлнэ.
-Авто машины дугаар солих асуудал яригдаж байна, эдийн засаг хүнд байгаа үед цаг үеэ олоогүй асуудал юм биш үү?
-Санал нэг байна, хүнд үед авто машины дугаарыг солих шаардлагагүй.