Монголын парламентын сэтгүүлчид БНСУ-ын Үндэсний Ассамблейгаас зохион байгуулсан сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Монголын парламентын сэтгүүлчид БНСУ-ын Үндэсний Ассамблейгаас зохион байгуулсан сургалтад хамрагдлаа

УИХ-ын дарга З.Энхболд 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийх болсонтой холбогдуулан Монголын парламентын сэтгүүлчдийг өнөөдөр /2014.03.11/ сургалтад хамрууллаа. Сургалтад 11 сэтгүүлч, зураглаач оролцож, БНСУ-ын Үндэсний Ассамблейг сурвалжлах эрх бүхий хэвлэл мэдээллийн ажилтнууд хэрхэн ажиллаж буй талаар лекц сонсож, Үндэсний Ассамблейн ордонтой танилцсан юм.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ён Хо Ли  УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон сургалтыг нээж сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр хэлэхдээ, “Мэргэжил нэгт Монголын төлөөлөгчид Үндэсний Ассамблейг сурвалжлах сэтгүүлчид хэрхэн ажиллаж буй талаар сургалтад хамрагдаж байгаад талархаж байна. Монгол Солонгос хоёр улс нь өнө эртний түүхтэй бөгөөд жил ирэх бүр хоёр орны парламент хоорондын харилцаа өргөжин тэлж байгаад баяртай байна. Сэтгүүлч хүн гэдэг иргэдэд мэдээ, мэдээлэл түгээх гол суваг болдог учраас хариуцлагатай басхүү асуудлын голыг харж, хоёр талын байр суурийг үргэлж хүндэтгэн ажиллах нь чухал” болохыг онцоллоо. Мөн тэрээр, Үндэсний Ассамблей улиралд нэг удаа парламентын сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулдаг. Ирэх долоо хоногт энэхүү сургалт болохыг мэдэгдлээ.

Сэтгүүлчид Үндэсний Ассамблейн үйл ажиллагааны талаар болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажилладаг талаар лекцэнд хамрагдав. БНСУ-ын Үндэсний Ассамблей 300 гишүүнтэй. Харин Үндэсний Ассамблейг сурвалжлах эрх бүхий хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоо 1350 бөгөөд Ерөнхийлөгчийн Хөх ордон руу нэвтрэх эрхийг зөвхөн 100 орчим сэтгүүлчид олгодог байна.

Сэтгүүлчид Үндэсний Ассамблейн Олон нийттэй харилцах хэлтэс хэвлэлийн бага хурал хэрхэн зохион байгуулж буйтай танилцлаа.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн сургалтанд хамрагдаж буй сэтгүүлчид парламентын түүхийн музейг үзэж сонирхлоо. Тус улсын анхны Үндэсний Ассамблейн сонгууль  1948 оны 05 дугаар сарын 10 ны өдөр болсон байна. БНСУ-ын 19 дэх удаагийн Үндэсний Ассамблейн сонгууль 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болсон бөгөөд Saenuri нам 157 суудлыг авсан бол Ардчилсан нам 127 суудал, бусад нам болон бие даагчид 19 суудлыг авсан байна.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн үйл ажиллагааг 24 цагийн турш NATV телевиз шууд дамжуулдаг байна. Тус телевизийн студи болон дотоод үйл ажиллагааг хэвлэлийнхэнд танилцуулав. Ийнхүү БНСУ-ын Үндэсний Ассамблей анх удаа гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагынханд сургалт явууллаа хэмээн БНСУ-ын Үндэсний Ассамблейн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ён Хо Ли мэдэгдсэн болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж