Дүрслэх урлагийн салбарт Арт музей шинээр мэндэллээ. Өчигдөр үдэш уран зургийн ховор нандин цуглуулга бүхий сан хөмрөгтэй “Tsagaandarium” Арт музей албан ёсныхоо нээлтээ “Bella Vista" хотхонд байрлах өөрийн байрандаа ёслол төгөлдөр нээлээ. Уран зураг цуглуулагч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, “М Си Эс” группын ерөнхийлөгч Ж. Од, уг группын дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, УИХ-н гишүүн Ц.Мөнх-Оргил нар урлагийг ивээн тэтгэж, он удаан жил цуглуулсан уран зургийн цуглуулагчид хамтран энэхүү музейг байгуулж, уран зургийн цуглуулга, Монголын ард түмний оюуны сор бүтээлүүдийг олон түмэндээ музейгээрээ дамжуулан дэлгэлээ. Музейн нээлтэнд “М Си Эс” группын ерөнхийлөгч Ж.Од, уг группын дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, БСШУ-ны яамны сайд Ё.Отгонбаяр, “Төгөлдөр” сангийн тэргүүн хатагтай Х.Отгонтуяа, Төрийн шагналт зураач До.Болд, Монголын урчуудын эвлэлийн төрийн соёрхолт зураач Ц,Энхжин, зураач Л.Бумандорж, Л.Ганболд, Ц.Нарангэрэл, Я.Оюунчимэг, Г.Дунбүрээ, С.Төгс-Оюун, Я.Эрдэнэчимэг, Н.Адьяабазар, З.Уянга болон гадаадын зочид төлөөлөгчид, залуу уран бүтээлчид хүрэлцэн ирж нээлтэнд оролцлоо. БСШУ-ны яамны сайд Ё.Отгонбаяр нээлтийн ёслолд үг хэллээ. Тэрбээр “Бид бүгд Монгол ард түмнийхээ соёлын өв болсон энэ гайхалтай бүтээлүүдээ хайрлан хамгаалах ёстой. Эдгээр сайхан бүтээлүүд маань гадаадруу зарагдалгүй энэ сайхан музейг чимэн байгаад музейг санаачлан байгуулсан “Цагаандариум” Арт музейны хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Басхүү зөөлөн цагаан атаархал дотор минь төрж байлаа. Энэ сайхан урлагийн бүтээлүүдийг ном журмаар нь гэрэлтүүлж чадах гэгээн сүмийг өөд нь цогцлоон бүтээсэн та бүхэнд баяр хүргэж байна. Монголын соёл урлаг үргэлж гэрэлтэй байна хэмээн өөрийн эрхгүй бодож байна” гэж хэллээ. Тус "Цагаандариум" арт музейн гүйцэтгэх захирлаар төрийн шагналт зураач До.Болдын охин зураач, дизайнер Сарнай ажиллаж байгаа аж. Өнөөгийн Монголын дүрслэх урлагийн хамгийн шилдэг бүтээлүүдийг тавьж Монголын урлагийн хөгжлийг дэмжин мөнхрүүлж, олон улсын тавцанд гаргах зорилготой уг арт музейд Монголын ард түмний оюун ухаан, уран сэтгэмж, сэтгэлийн далд ертөнц, ур чадвараар бүтсэн дүрслэх урлагийн шилдэг цуглуулга бүгд тавигджээ. “Цагаандариум" музей нь Монголын нэртэй зураачид болох Д.Амгалан, Б.Чогсом, До.Болд, Ц.Энхжаргал, Я.Оюунчимэг нараас эхлүүлэн үе үеийн зураач, уран бүтээлчдийн таван зуу гаруй уран зургууд, ХХ-р зууны өмнө үеэс эхлэн одоо хүртэлх Монгол улсын хөгжлийг харуулсан түүхэн зургуудын цуглуулгатай гэнэ. Түүнчлэн тус музей нь залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион тэднийг өсөн дэвших замд нь туслах болно гэдгээ бахдалтай хэлсэн. Нээлтийн ёслолыг хөтөлсөн хөтлөгч П.Одгэрэл “Энэхүү музей нь монгол дахь “Louvre”-ийн музей бөгөөд зураач Н.Чүлтэмийн зурсан ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн 19 настай байх үеийн хөрөг зураг бол Монголын “Mona Lisa” юм” хэмээв. Үнэхээр л монголдоо хамгийн орчин үеийн, уран зургийн галлерейн шинэлэг өнгө төрхтэй, ая тухтай, тохилог гайхамшигтай орчинд оюуны таашаал хүртэх боломжийг “Цагаандариум” музейн хамт олон бүрдүүлсэн байсан шүү. Мөн тэнд дэлгэгдсэн уран зургууд чанарын өндөр түшинд, монголд урьд өмнө нь байгаагүй музейн тусгай температур бүхий тоноглол гэрэлтүүлэгтэй өрөө, тасалгаанд зураачдын уран бүтээлүүдийг дэлгэн толилуулж байгаа ажээ. “Цагаандариум” Арт музей нь уламжлалт жирийн нэгэн үзмэрийн газар гэдэг ойлголтоос хальж мэргэжлийн түвшинд бүтээгдсэн урлагийн бүтээлүүдийн дуудлага худалдааг хийх орон зай бүрдүүлсэн танхимтай. Мөн дээд зэрэглэлийн тусгай хүлээн авалт, арга хэмжээ, загварын шоу тоглолт зохион байгуулах тансаг орчинтойн дээр уламжлалт болон орчин үеийн урлагийн бүтээлүүдээс бүрдсэн “Art shop” , алжаал тайлан амрааж, амьдралынхаа нэгэн мөчийг амтлах урлагийн цэцэрлэгт хүрээлэнтэй. Монголын зураачдын оюунлаг орон зайд аялахыг хүссэн хэн бүхнийг “Цагаандариум” Арт музей урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулах болно.
Г.Даша