Зургаан орны төмөр замын төлөөлөгчид 12 бүлэгт хуваагдан хэсэг хэсгээр хуралдсан байна. УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийн хэлснээр, өнгөрсөн жил уг зөвлөгөөн Вьетнамд зохион байгуулагдах үеэр УБТЗ-аар 2013 онд 10.3 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж тогтоож байсан аж. Энэ жилийн зөвлөгөөнөөс ахицтай шийдвэр гарч, 2014 онд УБТЗ-аар 13 сая тонн ачаа тээвэрлэх тохиролцоонд хүрч чадсан байна. Ийнхүү өнгөрсөн оныхоос даруй 2.7 сая тонн ачаа илүү тээвэрлэхээр болжээ. Дотор нь ангилж үзвэл, импортын ачаа 3.5 сая тонн, үүнээс ОХУ-аас Монгол Улс руу 1.7 сая тонн, БНХАУ-аас Монгол Улс руу 1.8 сая тонн ачаа тээвэрлэнэ. Экспортын ачаа нь импортоосоо их бөгөөд 6.9 сая тонноор тохирсон. БНХАУ руу 6.1 сая тонн, 830 мянган тонн нь ОХУ руу, транзит тээвэр нь 2.2 сая тонн юм байна. Дотоодын тээвэрлэгдэх ачааныхаа хэмжээг нэмэхэд УБТЗ 2014 онд 22-23 сая тонн ачаа тээвэрлэх дүр зураг гарч байгаа. УБТЗ жилд 25 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай. 2013 онд 21 сая тонн ачаа тээвэрлэсэн. 2013 оны арваннэгдүгээр сараас УБТЗ-ын техникийн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн.
Техникийн шинэчлэлийн эхний үе шатыг 2014 оны төгсгөл хүртэл 256 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд 2015 оны эцэс гэхэд УБТЗ-ын хүчин чадал 60 хувиар нэмэгдэх юм. Энэ нь 2013 онд 21 сая тонн ачаа тээвэрлэж байсан УБТЗ 2015 оны эцэс гэхэд 34 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болох аж.