Э.Эрдэнэбулган охинд тусалцгаая

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэбулган охинд тусалцгаая

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Э.Эрдэнэбулган охины гэр бүлийнхэн хэвлэлийн хурал хийлээ. Монголын нэгэн сайхан охин өвдөж, ээж нь болох М.Нармандах монгол түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хоолойгоо зангируулан гуйлаа. Монголд эмчлэгдэх боломжгүй хэмээх олон өвчний жагсаалтад түүний охин болох Э.Эрдэнэбулганы хүндэрсэн багтраат өвчин багтжээ.

Э.Эрдэнэбулган 15 настайгаасаа багтраа өвчнөөр өвчилж, оношлогдсон ба 2005 оноос гуурсан хоолой өргөсгөдөг “дексаметизин” тариаг хийлгэж эхэлсэн байна. 2012 оноос эхлэн биеийн байдал нь муудан есдүгээр сарын 25-нд эмнэлэгт хэвтэснээр тарианаас үүдэлтэйгээр гармоны өөрчлөлтөөс болж эрүүл мэндийн байдал эрс муудсаныг мэджээ. Энэ тариаг анхандаа 14 хоногт нэг удаа хийлгэдэг байсан бол одоо өдөрт 4-5 удаа тариулдаг гэнэ. Хэрэв тариаг зогсоовол амь насанд нь шууд нөлөөлөх аж.

М.Нармандах охиныхоо тухай “Миний охин эрүүл байхдаа 45 кг байсан бол тарианы гаж нөлөөнөөс болж одоо 105 кг болсон. Шинжилгээгээр бөөрний үрэвсэл, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, цус өтгөрөлт илэрсэн. Уушгины эмгэг зүрхний үйл ажиллагаанд нөлөөлж, уушги, зүрхний дутагдалтай хэвтрийн байдалтай олон сар болж байна” гэсэн юм.

Өмнөд Солонгос улсын хэд хэдэн эмнэлэгт өвчний түүхийг явуулсан бөгөөд “Chonnam National University Hospital” эмнэлгээс хариу ирсэн нь Э.Эрдэнэбулганы эдгэрэх найдварыг 100 хувь гэж тодорхойлсон аж. Харин одоо 7-14 хоног хэвтэн онош тодруулахад 100 сая төгрөг төлсөн байх ёстой гэнэ.

Ийнхүү хүнд өвчиндөө шаналж буй охинд тусламжийн гараа сунгахыг хүсвэл Хаан банк: 5057326714, Төрийн банк: 13000064960, Голомт банк: 2800004350, Хас банк: 5000420951 данс руу хандив илгээх боломжтой аж.

Б.ӨЛЗИЙБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж