Сайд Ч.Сайханбилэгт мэдрэмж алга

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Сайд Ч.Сайханбилэгт мэдрэмж алга

Засгийн газарт цаг үеэ мэдрэх мэдрэмж алга, тэр дундаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт энэ талын мэдрэмж дутлаа гээд хэлчихэд буруудчихгүй болов уу.
“Шинэчилж шийдье-222” уулзалт өнөөдөр болж, тэрээр уг хуралдааныг удирдав. Яам, агентлагийн Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг бүгдийг нь шахуу дуудаад аваад ирж… Уулзалтаар Барилга захиалагчийн албыг байгуулж, нэг удирдлагатай болгох асуудлыг ярив. Яасан ч байгуулж дуусдаггүй, нэгтгэгдэж дуусдаггүй бүтцүүд юм. Нааш, цааш хөдөлгөөн хийх явцад бас л өнөөх бялуу хуваалт нь явж мэдэх шинжтэй. Гэхдээ гол нь өнөөдөр энэхүү бүтэц өөрчлөлтийн асуудлыг олон нийтэд сурталчилхаас илүүтэй 1м2 нь 1.280.000 төгрөгөөр үнэлэгдээд байгаа орон сууцанд иргэд захиалга өгөхөд ямар асуудал үүсээд байна вэ гэдгээ санаачилж байгуулсан 11-11 төвийнхөө гомдлыг шүүж байгаад тэр мөрөөр нь мэдээлэл хийсэн бол илүү үр дүнтэй цаг үетэйгээ нийцэх байлаа гэж…

Амтай болгон өнөөдөр орон сууцны захиалга эхэлсэн тухай шуугиж байна. Бас захиалга өгөхөөр ТҮЦ машин дээр очоод буцаж байгаагаа гомдоллож байна. Шалгуурыг нь хангахгүй болохоор тэр. Засгийн газраас баталсан журмаар орон сууцны захиалга өгөх залуу гэр бүлийн нас 35-аас доош байх ёстой. Гэтэл энэ насныханд байрны урьдчилгаанд өгөх 30 хувь нь алга, 35-аас дээш насныхан нь чардайж байгаад 30 хувиа оллоо гэтэл Залуу гэр бүл гэх ангилалд нь хамаарахгүй учраас шаардлагад нь нийцэхгүй болж хамрынхаа урдуур таслуулж байна. Цаашлаад өрх толгойлсон эмэгтэйчүүд, хувийн хэвшилд ажиллагсад төрдөө хэн ч биш болж хөгшинд тооцогдох болсондоо гутарч журам гаргасан эрхмүүдээс хариулт авахыг хүсэх ч мэдрэмжгүй Засгийн газарт энэ тухай ойлголт даанч хол сонсогдож байна даа.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж