
Амтай болгон өнөөдөр орон сууцны захиалга эхэлсэн тухай шуугиж байна. Бас захиалга өгөхөөр ТҮЦ машин дээр очоод буцаж байгаагаа гомдоллож байна. Шалгуурыг нь хангахгүй болохоор тэр. Засгийн газраас баталсан журмаар орон сууцны захиалга өгөх залуу гэр бүлийн нас 35-аас доош байх ёстой. Гэтэл энэ насныханд байрны урьдчилгаанд өгөх 30 хувь нь алга, 35-аас дээш насныхан нь чардайж байгаад 30 хувиа оллоо гэтэл Залуу гэр бүл гэх ангилалд нь хамаарахгүй учраас шаардлагад нь нийцэхгүй болж хамрынхаа урдуур таслуулж байна. Цаашлаад өрх толгойлсон эмэгтэйчүүд, хувийн хэвшилд ажиллагсад төрдөө хэн ч биш болж хөгшинд тооцогдох болсондоо гутарч журам гаргасан эрхмүүдээс хариулт авахыг хүсэх ч мэдрэмжгүй Засгийн газарт энэ тухай ойлголт даанч хол сонсогдож байна даа.