Гүүрээр гарахдаа болгоомжлоорой

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Гүүрээр гарахдаа болгоомжлоорой

Энэ жилийн өвөл урьд урьдынхаас дулаан байлаа. Цагаан сараас хойш агаарын температур харьцангуй сэрүүссэн ч хавар л бол хавар гэгчээр урин цаг хэдийнээ иржээ. Гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх жилүүдээс нимгэн байгаа болохоор болгоомжтой зорчихыг өвөлжин  сануулсан. Зам товчилж, цаг хожих гэсэн оролдлого аюул дагуулсан олон жишээ өмнөх жилүүдэд гарч байсан. Нялх үрээ тэврэн, усанд урсаж одсон эх үрийн гунигт түүх одоо ч мартагдаагүй сэтгэл өвтгөсөн хэвээр. Тиймээс тэрхүү аймшигт агшныг дахин давтахгүйн тулд хүн бүр дор бүрнээ болгоомжтой байхыг МХЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Хаврын улирал эхэлж, газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлан, шар усны үер буух цаг нэгэнт ирсэн тул орон нутгийн замд зорчигчид анхаарал болгоомжтой байхыг тус газраас анхааруулсан байна.

Аймаг, орон нутгийн захиргааны байгууллагууд, Тээвэр, авто замын газраас тухайн нутаг дэвсгэрт байршилтай орон нутгийн чанартай авто зам, гүүр, замын байгууламжуудыг шалган паспортжуулж, замын сүлжээний бүртгэлд баяжилт хийж, ашиглалт хариуцагчийг тодорхой болгохын сацуу үер, шар усны аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарахыг чухалчилжээ.  Түүнчлэн гүүрүүдийн тооцоот даацыг анхааруулсан, зорчих тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх тэнхлэгийн болон бүх жингийн мэдээлэх, хориглох болон бусад шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу байршуулахыг үүрэг болгожээ.
Зорчигчдын хувьд  замын маршрутаар зорчиж, голын ус хайлах, шар усны үер болох, мөс цөмрөх магадлалтай газраар нэвтрэхгүй байх, ачаа барааныхаа даацыг тооцож, зөвшөөрөгдсөн гүүр, замын байгууламжаар гарч байхыг сануулсан байна. Ялангуяа олон жил ашигласан гүүр, автозамаар зорчихдоо болгоомжтой хандаж, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж