Монгол Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажгийн эзлэх хувь жилээс жилд өсч байгаа аж. Тухайлбал, 1997 онд нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажгийн эзлэх хувь 2.3 хувь байсан. Харин 2002 онд 7.1 хувь болсон бол 2007 онд 12.4 хувь болж тус тус өсчээ. Нийслэлд 1990-2004 онд төрөлхийн гаж хөгжилтэй 341 хүүхэд төрж, 1000 амьд төрөлтөд 1.48 гаж хөгжилтэй нярай байсан бол 2004 онд 2.15 болжээ. Түүнчлэн 2005-2008 онд Улаанбаатар хотын хэмжээнд 88 мянга гаруй эх төрснөөс 336 тохиолдол төрөлхийн хөгжлийн гажигтай байсан байна. “Төрөлхийн гаж хөгжлийн хувьд зүрх судас, хоол боловсруулах, төв мэдрэлийн тогтолцооны төрөлхийн гажиг хөгжил илүү тохиолддог. Цаашид хүүхдийг бие бүтцийн төдийгүй нийгмийн хувьд тахир дутуу болгодог төрөлхийн гаж хөгжлийн шалтгааныг судлах, шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх шаардлагатай” гэж Монгол Улсын хүний гавьяат эмч анагаах ухааны доктор профессор Ж.Раднаабазар ярилаа.
Б.Анхцэцэг
Б.Анхцэцэг