З.Алтай Норвегийн хаанд итгэмжлэх барив

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

З.Алтай Норвегийн хаанд итгэмжлэх барив

Монгол Улсаас Норвегийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Норвегийн Цог жавхлант Хаан V Харалдад Итгэмжлэх жуух бичгээ барив.

Цог жавхлант Хаан V Харалд Элчин сайд З.Алтайг Итгэмжлэх жуух бичгээ барьсных нь дараа хүлээн авч уулзан хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд З.Алтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, 2014 онд тохиож буй Норвегийн Үндсэн хуулийн 200 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлсэн бөгөөд хоёр улсын улс төрийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж байгааг тэмдэглэн цаашид энэхүү харилцааг хадгалж, худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, Монголд өвлийн спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлсэн болно.

Түүнчлэн Элчин сайд З.Алтай Итгэмжлэх жуух бичгээ барихаар Осло хотод томилолтоор ажиллах үеэрээ тус улсын Стортинг /Парламент/-ийн Ерөнхийлөгч Олаф Майкл Томмессентэй уулзаж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна Норвегийн ГХЯ-ны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийж, хоёр талын харилцааны талаар ярилцсан бөгөөд Норвегийн загас үржүүлгийн аж ахуй болон өндөр технологит хүлэмжийн ногооны аж ахуйг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар бизнесийн зарим төлөөлөлтэй тохиролцов.

Мөн энэ үеэр Элчин сайд З.Алтай Норвеги улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж