Д.Амаржаргалын Есөн эрдэнийн оронд зочлоорой

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Д.Амаржаргалын Есөн эрдэнийн оронд зочлоорой

Нэгэн үе зохиолын дууны хит парадыг “Чи бидэн хоёр”, “Ойрхон л байж шүү дээ, “Ханийн дуу” зэрэг бүтээлүүд тэргүүлж, монгол түмний сонсох дуртай дуу болж мөнхөрсөн нь бий. Тэгвэл тэрхүү дууг дуучин Д.Ширмэнтуяатай хамтран олонд хүргэсэн ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргал бие даасан ес дэхь удаагийн тоглолтоо энэ сарын 15-нд “Есөн эрдэнийн орон” нэртэйгээр монголчууддаа толилуулах болсноо өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
“UB палас”-ын  концертын их танхимд болох дээрх тоглолтод есөн Ардын жүжигчин уригджээ. Тодруулбал, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Б.Зангад, Д.Самбуу, А.Нэргүй, А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Ч.Батсайхан, Ө.Баярмагнай, Ч.Мөнхшүр нар оролцох юм байна. Тоглолтын зарим нэг нууцыг задлахад, Ардын жүжигчид Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргалын хамтаар “Есөн эрдэнийн орон” хэмээх гайхамшигт дуу “амилах” нь.

Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ.
Ижий таны минь цацал мєнгєн эрдэнэ.
Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгүй єргєн тал нь оюун эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бүсгүйн гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард түмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь, есєн эрдэнэ… хэмээх энэхүү гайхамшигт дууны үгийг Ардын уран зохиолч П.Бадарч тэрлэж, аяыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр урласан түүхтэй. Эл бүтээлийг үе үеийн уран бүтээлчид өөрсдийнхөөрөө амилуулж ард олондоо хүргэсэн ч бадаг бүрийг нь Ардын жүжигчид дуулсан нь тоотой. Тэгвэл энэ үдэш есөн өнгөөр эгшиглэх болж байна.

Мөн энэ үдэш тоглолтын гол “баатар” Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргалын шинэ уран бүтээлүүд эгшиглэнэ. Тэрээр урын сандаа 200 гаруй бүтээлтэй бөгөөд олонд хүрч түгэн дэлгэрсэн дуунууд нь эгшиглэх юм байна.

Ардын жүжигчин Б.Зангад түүний тухай “Д.Амаржаргал мэргэжлийн дуучид дотроо цартайд орох уран бүтээлч. Мэргэжлийн өндөр төвшинд өөрийгөө авч яваа. Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Алтан намар” дуугаа би Д.Амаржаргалд өвлүүлнэ. Тэр “Алтан намар”-ыг ард түмний сэтгэлд хүртэл дуулж чадна. Би түүнд найдаж байгаа” гэсэн юм.

Дуучин Д.Амаржаргал Ардын жүжигчидтэй хамтарснаа “Ардын жүжигчдээс суралцах зүйл их бий. Тийм учраас ахмад уран бүтээлчидтэйгээ хамтрах урилга илгээснийг хүлээн авсанд маш их талархаж байгаа” хэмээсэн юм.

 “Есөн эрдэнийн орон” тоглолтод ҮДБЭЧ-ын уран бүтээлчдээс гадна “Хөсөгтөн” хамтлагийнхан мөн оролцох гэсэн шүү.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж