Эхлээд валют арилжааны “Найман шарга” худалдааны төвөөр очиж, ам.долларын ханшийн тогтворгүй байдлын талаар худалдаачидтай уулзсан юм.
Валют арилжааны ченжүүд валютын ханш зах зээлийн жам ёсын дагуу өссөн. Хавар болж, импортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэх тул валютын ханш цаашид буурахгүй. Харин ч өсөх магадлалтай байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагуудад уламжиллаа. Өнөөдөр “Найман шарга” валют арилжааны төвд дунджаар нэг ам.долларыг 1775 төгрөгөөр худалдан авч, 1780 төгрөгөөр арилжиж байлаа. Мөн БНХАУ-ын юанийг 285 төгрөгөөр худалдан авч, 290 орчим төгрөгөөр арилжиж байсан юм.
УИХ дахь МАН-ын бүлэг “Найман шарга” валют арилжааны төвд ажиллах үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,
-Валютын ханшийн өсөлт дотоодын үйлдвэр, бараа бүтээгдэхүүнд эергээр нөлөөлөх сайн тал бий. Гэтэл хэтэрхий өссөн ам.долларын ханш Монгол Улсын эдийн засаг, хөгжил, төрийн ерөнхий бодлогод маш их хор учруулж байна. Валютын ханш нэмэгдсэнээр нэгдүгээрт Монгол Улсад, хоёрдугаарт төр барьж буй Засгийн газарт, гуравдугаарт бизнес эрхлэгчдэд, дөрөвдүгээрт ард түмэнд ашиггүй байна. Нэг ам.долларын ханшийг 1380 төгрөгт барихаар тооцож, Засгийн газар барилга байшин, зам харилцааныхаа тендерээ зарласан байгаа. Тэгтэл өнөөдөр нэг долларын ханш 1780 төгрөг байна. Ингээд компаниуд барилгаа, замаа тавих гэтэл тендерийн шалгаруулалт дахь ам.долларын ханш зөрүүтэй гарна. Энэ мэт зөрүүг нь арилгахын тулд дахин төсвөө тодотгодог. Ам.долларын ханш хэлбэлзэлтэй байгаагаас үүдэн төсвөө дахин тодотгож, эдийн засгийн хувьд тун хохиролтой байгааг онцоллоо.
Үүний дараа Дэнжийн мянга дахь “Хүчит шонхор” хүнсний захаар очсон. Валютын ханш өдөр бүр өөрчлөгдөж байгаагаас үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворгүй байна. Бараа бүтээгдэхүүн тогтсон нэг үнэ, ханшгүй болсон гэдгийг “Хүчит шонхор” хүнсний захын худалдаачид ярьж байлаа. Хамгийн сонирхолтой нь, “Хүчит шонхор”-т худалдаалж буй махны үнэ нийслэлчүүдийн хамгийн хямдхан гэж нэрлэдэг “Нөөцийн мах”-наас хямд байна. “Нөөцийн мах”-ны цул үхрийн мах 8500 төгрөгийн үнэтэй байхад, “Хүчит шонхор” захын махны жижиглэнгийн худалдааны төв дотор 8000 төгрөгийн үнэтэй байх жишээтэй.
“Бараа бүтээгдэхүүний үнэ өслөө гээд хар бор ажлыг нугалж буй худалдаачид руу чичлэхээ болих ёстой. Бензин түлшний үнэ, валютын ханш өссөнөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Цөөхөн хэдхэн монголчууд байж, намчирхаж, талцаж явдгаа болих хэрэгтэй. Та бүхний хэн нь төр удирдлаа гээд ард түмний амьдрал сайжирсан түүх үгүй” гэдгийг Дэнжийн мянгын худалдаачид УИХ дахь МАН-ын бүлэгт уламжиллаа.