Онгоц сүйрсэн гэх дөрвөн таамаг дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Онгоц сүйрсэн гэх дөрвөн таамаг дэвшүүлжээ

Малайзын агаарын тээврийн 370-р нислэг үйлдэж явсан “Boeing 777-200ER” онгоц холбоо тасарч, сураггүй алга болоод гурван хоног өнгөрөөд байна. Энэ хооронд 10 орны хамтарсан эрлийн баг 34 нисдэг тэрэг, 40 хөлөг онгоцоор агаар, далайн замаар Өмнөд Хятадын тэнгис орчмыг нэгжин, хайж байгаа ч одоо болтол сураггүй болсон “Boeing 777-200ER”-г олоогүй байгаа юм. Албаныхны зүгээс зорчигчдын ар гэрийнхэнд хандан таагүй мэдээлэлд сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг удаа дараа анхааруулсаар байна.

Тэгвэл, Boeing 777 сүйрсэн байж болзошгүй талаар экспертүүд дараах дөрвөн таамаг дэвшүүлжээ.

ТААМАГ-1: 370-р нислэгт шургалсан хулгайн пасспорттой хоёр этгээдэд тулгуурлан террористудын тэсрэх бөмбөг бүхий халдлага гэж үзэх нь:



Дүн шинжилгээ:
Энэ нөхцөлд хулгайн пасспорт ашиглан онгоцонд нэвтэрсэн террористууд нислэгийн үеэр тэсрэх бөмбөг дэлбэлсэн байх боломжтой. Гэхдээ онгоцыг анхнаасаа дэлбэлэх санаатай байсан бол заавал хулгайн пасспорт шаардлагагүй. Түүнчлэн онгоцыг агаарт дэлбэлсэн бол өнгөрсөн хугацаанд олон улсын хамтарсан баг ажиллаж байхад сэг, зорчигчдын ачаа, цогцосны нэгийг ч болов олдох ёстой. Мөн хулгайн пасспортоор жилд олон тооны хүн аялдаг.

ТААМАГ-2: “Boeing 777-200ER” онгоц радарын дэлгэцнээс алга болохоосоо өмнө буцаж эргэсэн байж болох баримтад тулгуурлан барьцаалагдсан гэж үзэх нь:

Дүн шинжилгээ: Үнэхээр онгоц барьцаалах үйл явц өрнөсөн бол нислэгийн багийнханд анхааруулах дохио илгээх боломж гараагүй байх учиргүй. Мөн онгоц барьцаалагчид одоог хүртэл чимээгүй, ул мөргүй байх нөхцөлгүй  юм.

ТААМАГ-3:
Вьетнамын эргийн ойролцоогоос илэрсэн шатахууны хаягдалд тулгуурлан “Boeing 777-200ER” онгоцонд техникийн саатал гарснаас нисгэгчид  онгоцыг далайд бүрэн бүтэн газардуулж, түрлэг даган хол хөвсөн гэж үзэх нь:



Дүн шинжилгээ:
Өмнө нь “Хадсоны гайхамшиг” гэж нэрлэсэн алдартай хэрэг гарч байсан. “US Airways”-ын 1549-р нислэг үйлдсэн 155 зорчигчтой “Airbus A320-214” онгоц 2009 оны нэгдүгээр сарын 15-нд Хадсон голд газардаж, урсгал даган хөвж явсан удаатай. Гэхдээ ийм хэрэг болсон бол нислэгийн багийнхан яаралтай тусламжийн дохио илгээхгүй байх учиргүй.

ТААМАГ-4: 370-р нислэгийг үйлдэж явсан нисгэгчийн буруугаас “Boeing 777-200ER” онгоц сураггүй болсон гэж үзэх нь:

Дүн шинжилгээ: Зарим агаарын тээврийн шинжээчид Малайзын агаарын тээврийн 370-р нислэгийг “Air France”-ийн 2009 оны 447-р нислэгтэй харьцуулж байна. Тухайн үед “Airbus A330” онгоц Бразилиас Парис хүрэх замдаа шуурганд цохиулж, 228 зорчигч, нисэх багийнхан бүгд амь үрэгдсэн аж. Онгоцыг бараг хоёр жил орчим хайсны эцэст далайн гүнээс олж байжээ. Гэхдээ 447-р нислэгтэй харьцуулахад “Boeing 777-200ER” онгоц сураггүй болоход цаг агаар хэвийн байсан юм.

Эх сурвалж: СNN

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж