
Хүүхдүүдийг олшруулахтайгаа зэрэгцүүлэн хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэлгүй орхисноос болж хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж, аав ээжийнхээ аль нэгнийг ажилгүйчүүдийн нэг болгон гэртээ үлдэж байна. Энэ бүхнийг төлөвлөх л ёстой байсан.
Өнөөдөр залуучууд болгон дээд боловсрол эзэмших гэж зүтгэдэг, гэтэл ажилчин ангийн хомсдолд орж гаднаас мянга мянгаараа ирж байгаа нь мөн л төрийн тооцоолол буруу хийгдсэний гай. Оюутан анги гэх зөвхөн халамжлуулдаг, баялаг бүтээдэггүй нийгмийн бүлэг бий болоход төрийн оролцоо ч өндөр. Ядаж дээд боловсролтой иргэдээр дутагдаж буй орон байсан бол элдэв төрлийн тэтгэлгээр угжихыг нь зөвшөөрч болохсон. Харамсалтай нь тийм биш байтал бакалаврын зэрэгтэй оюутнууд дээрээ магистр, докторуудад ч тэтгэлэг өгч байдгаа гөвөх цамаан зан бидэнд хэрэггүй.
Төрд төлөвлөлт хэрэгтэй. Үүнийг улс төрийн намууд ялагдсан үедээ гэнэтхэн ойлгох биш, ялсан үедээ бодож хэрэгжүүлэх ёстой мэт. Уг нь энэ талаар Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном голыг нь олж хэлсэн нь бий. Тэрээр “…Хорин жилийн хугацаанд Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх, байршуулах схем нэртэй төлөвлөгөө байсан. Ийм олон жилийн бодлого гаргахын тулд эхэнд хүн амаа тоолдог. Хорин жилийн хугацаанд хүн ам хэд болсон байхыг тооцоолно. Хүний амын бүтэц нь ямар байх вэ, эрэгтэй, эмэгтэй, хэдэн настай хэчнээн хүн байхаар байна вэ гэж гаргана. Энэ бүх тооцоолол нь хорин жилийн дараах нийгмийн хэрэгцээ ямар байх вэ гэдгийг харуулдаг юм. Тэр нийгмийн хэрэгцээг хангахын тулд ямар үйлдвэрлэл хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлчихно гэсэн үг” гэж байж.
Уг нь ийм энгийн логикийг ойлгоод хэрэгжүүлэхэд болохгүй нь юу байх билээ. Хүсээгүй байгаа л биш бол.