Монгол, Тайландын дипломат харилцаа 40 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Монгол, Тайландын дипломат харилцаа 40 нас хүрлээ

Монгол Улс, Тайландын Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүлээн авалт энэ сарын 10-нд ГХЯ-нд болж, Гадаад харилцааны сайд Л.Болд болон төр, засгийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, Улаанбаатар дахь дипломат корпус, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид болон найрамдлын нийгэмлэгийн удирдлага, Тайландын Вант Улсын Өргөмжит консул нар оролцов.

Сайд Л.Болд хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн 40 жилийн хугацаанд Монгол, Тайландын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлд хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалууд харилцан амжилттай хэрэгжсэн, мөн уул уурхай, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжууд нээгдсэнийг тэмдэглэв. Тайландын Ерөнхий сайд Ч.Йинглакын 2013 онд Монгол Улсад хийсэн анхны албан ёсны айлчлал нь монгол, тайландын ард түмнийг улам ойртуулж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ түүхийг нээж, харилцааны үндсийг бэхжүүлснээрээ түүхэн ач холбогдолтой болсныг мөн онцлов.

Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорны Монгол  Улсад хийсэн хоёр удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг Тайландын Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вибоон Кусакул тэмдэглэж, бүс нутаг, олон улсын байгууллагын хүрээнд хоёр орон түншийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэнд монголын талд талархал илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж