Караокены зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Караокены зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлэв

Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах “55” караоке нь Монгол Улсын
захиргааны хариуцлагын тухай хуулийг удаа дараа зөрчсөн бөгөөд
Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нийт зургаан удаагийн торгуулийн арга
хэмжээ авч байжээ. Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч М.Мөнхбаярын шийдвэрээр “Үйлс болд” ХХК-ийн “55” караокены захирал Б.Энхтулгыг долоо хоног баривчилж, зөрчлөө арилгахыг даалгасан ч тус газрууд одоог хүртэл хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилласаар байгаа юм байна.

Тиймээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Батбаяр дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчиж, цагийн хуваарь хэтрүүлэн ажилладаг “Үйлс болд” ХХК-ний “55” караокены архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, үйл ажиллагаа явуулж буй хаягаар нь тусгай зөвшөөрөл олгохгүй байх арга хэмжээг авах саналыг Засаг дарга Д.Оросоод хүргүүлжээ.

Цаашид согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоож ажиллах болно гэж Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтсээс  мэдээллээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж