Хийн бууны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-13-нд Кувейт улсад болж байна. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй тус тэмцээнд манай буудагчид онч мэргэнээ сорьж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд ОУХМ Д.Лхамсүрэн, спортын мастер Н.Ангирмаа, спортын мастер М.Түвшинжаргал нар багийн дүнгээр мөнгөн медаль хүртлээ. Энэ дасгалд БНХАУ-ын баг түрүүлж, Энэтхэгийн буудагчид гуравдугаар байр эзэлжээ. Мөн хийн гар бууны дасгалд эрэгтэйчүүдээс ОУХМ В.Ганцоож тавдугаар байрт шалгарлаа.
Эмэгтэй багийн төрөлд оролцож, мөнгөн медаль хүртээд байгаа Н.Ангирмаа /Хэнтий аймаг/ Олон улсын мастерын болзол хангажээ.
ОУХМ В.Ганцоож, ОУХМ Д.Лхамсүрэн нарын удирдлагад 10 гаруй тамирчид маргаашаас хийн болон урт бууны дасгалд өрсөлдөх юм. Энэхүү тэмцээнээс ирэх наймдугаар сард БНХАУ-ын Наньжин хотноо болох хүүхдийн олимпийн II наадмын эрх олгох юм.
Ч.БОЛ