2013 онд Удирдлагын Академи, МУИС, Хүний эрхийн комисс, Авлигатай тэмцэх газартай хамтран үндэсний сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулан, сургагч багш нарыг бэлтгэж, чадавхжуулах сургалтад Хэнтий, Өмнөговь, Төв, Баянхонгор, Баян-Өлгий аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 2100 төлөөлөгч хамрагджээ. Төлөөлөгчдийг чадавхижуулах үндэсний сургалтын хөтөлбөрт Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, Байгаль орчин-ногоон хөгжил, Хүний эрх ба жендэр гэсэн долоон сэдэв багтаж байгаа юм.
Сургалт энэ оны I, II улиралд үргэлжилж 16 аймаг, 6 дүүргийн 6000 гаруй төлөөлөгчид хамрагдах юм. Хоёрдугаар сарын 17-ноос Булган, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Говь-Алтай аймгаас эхэлсэн сургалт Өвөрхангай, Завхан, Дархан-Уул аймагт явагдаж, өнөөдөр Ховд, Хөвсгөл аймагт эхэллээ. Хөвсгөл аймгийн 23 сумын нийт 584 төлөөлөгч дөрвөн ээлжээр гуравдугаар сарын 22-ныг дуустал Мөрөн хотод сургалтад хамрагдах юм. Эхний ээлжийн ээлжийн сургалтад Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рашаант, Эрдэнэбулган, Тариалан сумдын 145 төлөөлөгч оролцож байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.