Африкийн цэргийн зардал нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Африкийн цэргийн зардал нэмэгдсээр байна

Хүйтэн дайн дуусаад хорин жил болж байгаа бөгөөд Африкийн ихэнх мөргөлдөөнүүд намжаад байна. Хэдий тийм ч Африкийн улс орнуудын цэргийн зардал өссөөр байна гэж “BBC” агентлаг мэдээлж байна. Тус тивийн улсууд олон тэрбум ам.доллараар хуягт техник, сум нэвтэрдэггүй хантааз, цэргийн тоног төхөөрөмжүүд худалдаж авсаар байна. Хүйтэн дайн дууссанаас хойш дэлхий даяар цэргийн зориулалтаар зарцуулж байсан зардал 35 хувь буурсан. Гэвч Сахарын цөл хавийн Африкийн зардал түүнээс хойш бараг гуравны нэгээр нэмэгдээд байна гэж “Стокхольмын Энх Тайвны судалгааны хүрээлэн” үзэж байна.

Зөвхөн Уганда улс гэхэд цэргийн техникийн зардал нь 1997-1998 онд хоёр дахин өссөн байна. Африкт улс орнуудын хооронд гарч байсан цуст тэмцлүүд түүх болон үлдсэн байхад цэргийн салбарт ийм их зардал гаргаж байгаа нь анхаарал татахаас аргагүй. Мэргэжилтнүүд харин тус тивд шинэ аюул заналууд гарч ирж байна гэж үзэж байна. Тухайлбал Сомалийн далайн дээрэмчид Зүүн Африкаас Танзан, Сейшеллийн арлууд хүртэл газарыг түйвээж байна. Батлан хамгаалах асуудал энэ тивийн онцлог болж байна.

Зарим улсад “Лордын Эсэргүүцлийн Арми” гэх мэт зэвсэглэсэн танхайчууд байсаар байгаа. Тийм бүлгүүдийн гишүүдийн тоо нь 20, 30-аас хэдэн зуу хүртэл хүрдэг бөгөөд сайтар зэвсэглэсэн байдаг. Тэдэнд шөнийн дуран, хиймэл дагуулын холбоо хүртэл байдаг, байлдсаар байгаад маш туршлагажсан, хойноо санхүүжүүлэгчидтэй байдаг гэж тус судалгааний хүрээлэнгийн судлаач Ивор Ичиковиц ярьж байна.

Иймэрхүү байнгын арми бус зэвсэгт бүлэглэлүүдээс болж Засгийн газрууд, ТББ-ууд, хувийн компаниуд хүртэл өөрсдийн батлан хамгаалах гэрээт байгууллагатай болох шаардлага гарч байна. Өмнөд Африкт байрладаг “Paramount Group” тус тивийн хамгийн том батлан хамгаалах үйлчилгээ үзүүлдэг хувийн компани. Эднийх өөрийгөө дэлхий даяар энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах зорилготой гэж тайлбарладаг.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж