
Нийт 687 суудалтай Ардын дээд хурлын төлөөлөгчдийг сонгох санал хураалт өнгөрсөн удаад 2009 онд болж байсан юм. Хойд Солонгосын Ардын дээд хурал нь ерөнхийдөө жилд нэг удаа хуралддаг бол ард иргэдийнх нь зүгээс Ардын дээд хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуульд маш идэвхитэй буюу байнга 99 хувьтай оролцдог байна.
1998 оноос хойш Хойд Солонгосын Ардын дээд хурлын даргаар өдгөө 85 настай Ким Ен Нам тасралтгүй сонгогдсоор иржээ. Харин Ким Чен Ун энэ он гарсаар Хойд Солонгосын улстөр дэх “акулууд” хэмээгддэг 70 гарсан эрх мэдэлтнүүдийг халж, залуучуудаар сэлгэж эхэлсэн нь чухамдаа Ардын дээд хуралд эрх мэдэл, хүч нөлөөгөө бататгасан Ким Ен Намыг зайлуулах төлөвлөгөөний нэг хэсэг хэмээн ажиглагчид дүгнэж байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, хойд солонгосчуудын хувьд Ардын дээд хурлын төлөөлөгчдийг сонгох санал хураалт нь нэг ёсны баяр ёслол бодлог бөгөөд тэд саналаа өгөхдөө үндэсний хувцсаараа гангарч, дуулж, бүжиглэн баярлацгаадаг байна.


