Энэ жил тохиож буй тус клубын 109 жилийн ойн хүрээнд “Челси”-гийн монгол фенүүд албан ёсны клубтэй болж буй юм. Ингэснээр “Челси” клубтэй албан ёсны харилцаа тогтоож, тус клубээс танилцуулж буй бүхий л боломжийг ашиглахаас гадна “Челси” клубт бүртгүүлж, албан ёсны гишүүн болох боломжтой гэнэ.
Клубын нээлтийн арга хэмжээ маргааш /III.11/ 19.00 цагт “VLVT” клубт болох бөгөөд “Челси”-гийн домогт тоглогч Керри Диксон оролцоно. Энэ үеэр түүнээс гарын бэлэг авч, дурсгалын зураг татуулах боломжтой. Түүнчлэн “Челси” клубын 109 жилийн ойд зориулсан шилдэг нийтлэлийн уралдааны ялагчийг тодруулж, шагнал гардуулах аж. Зохион байгуулагчдын зүгээс “Челси”-гийн монгол фенүүддээ зориулж буй хамгийн том бэлэг бол “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд зочилж, хайртай багийнхаа тоглолтыг үзэх азтаныг тодруулах юм.
Дашрамд дуулгахад, энэхүү арга хэмжээ нь “Chelsea TV”-ээр 20 минутын нэвтрүүлэг болон цацагдах бөгөөд “Боловсрол суваг” телевизтэй хамтран бэлтгэж байгаа аж.
Үдэшлэгт зочлох тасалбарын үнэ 40 мянган төгрөг. “VLVT” клубын зүгээс “Челси”-гийн хөгжөөн дэмжигчдэд зориулж ТАХ-ынхаа үнийг нэмэгдэлгүйгээр олгож буй бөгөөд ивээн тэтгэгч “Мongolian Beverages” компанийн Tiger болон Balvenie брэндээр зочдыг дайлах гэнэ.