Францын шигшээд юу тохиолдов?

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Францын шигшээд юу тохиолдов?

Саяхан Мексиктэй хийсэн тоглолтын үеэр Францын шигшээ багийн довтлогч Николя Анелька дасгалжуулагч Реймон Доменектэй хэрэлдэн, хараал хэлсэн тухай бид мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жан Пьер Эскалетте Анелькаг уучлал гуйх ёстой гэж хэлсэн ч “Челси”-гийн довтлогч уучлал гуйхаас татгалзсан учраас түүнийг шигшээ багаас хасах шийдвэрийг гаргасан юм. Гэхдээ хэрэг явдал ингээд дуусчихсангүй. Багийн ахлагч Патрис Эвра фитнесийн дасгалжуулагчтайгаа мөн муудалцаж, Анелькаг хассаныг эсэргүүцсэн, дасгалжуулагчтайгаа таарамжгүй харьцаатай байсан хэдэн тоглогч өчигдөр болсон бэлтгэлдээ ирээгүй байна. Энэ тухай хэвлэлийнхэн Реймон Доменекээс асуухад Өмнөд Африктай хийх тоглолтод зарим нэг ахмад тоглогчид оролцохгүй байх гэж хэлжээ. Ийм хэрэг болсны улмаас Францын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх захирал Жан Луй Валентин ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Өмнөд Африкт болж байгаа энэ явдлыг Франц улсад таагүй хүлээн авч байна. Хэвлэл мэдээллийнхэн Францууд өөрсдийнхөө амийг хорлолоо гэсэн гарчигтай нийтлэл бичиж байгаа бол улс төрийнхөн үүнийг улсынхаа нэр хүндийг унагаасан явдал гэж үзэж байгаа аж. Тус улсын спортын сайд Розелин Бакело дэлхийн аварга дуусаны дараа уг хэргийг шалган ноцтой авч хэлэлцэнэ гэж хэлсэн байна. Ямар ч байсан дотроо асуудалтай байгаа Францын шигшээ баг өнөөдөр зохион байгуулагч орны багтай тоглох гэж байна. Тэдний хувьд хоёр тоглолтын дараа ганцхан оноотой хэсгийн сүүл мушгиж байгаа бөгөөд Уругвай, Мексикийн багууд тэнцээгүй тохиолдолд өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээ хийх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж